Хэвлэх DOC Татаж авах
КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

КОМПАНИЙН ТУХАЙ  ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2011оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан  Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/  хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ мөн хуульд нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг  2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор  улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2 дугаар зүйл.Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөх хүртэлх хугацаанд компанийн дүрэм нь Компанийн тухай  /Шинэчилсэн найруулга/ хуульд заасан хэм хэмжээнд харшлаагүй хэсгээрээ хүчин төгөлдөр байна.

3 дугаар зүйл.Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэм хэмжээнд өөрийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, энэ тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй.

4 дүгээр зүйл.Компани нь Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/  хуульд нийцүүлэн дүрэмдээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг, эсхүл компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд хураамж төлөхгүй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ