A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 181

Мал өвөлжилтийн төлөв байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, Улсын байнгын онцгой комиссоос урьдчилан гаргасан дүгнэлт, мэдээллийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Бэлчээрийн гарц, усан хангамж, газар нутгийн онцлогийг харгалзан мал оторлох бүс нутгийг сонгон жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд зураглал гаргасан байх, мал сүргийг оторлон өвөлжүүлэх талаар аймаг, сумын удирдлага 10 дугаар сарын 1-ний дотор гэрээ хийж бэлчээрээ зохицуулсан байх, өвөлжилтөд бэлтгэж нэмж засварлах худаг, уст цэгийн зураглалыг 9 дүгээр сарын 1-нд хийж засварын ажлыг чанар сайтай гүйцэтгүүлж 11 дүгээр сарын 1-нд хүлээн авсан байхаар тогтоосугай.

2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

а/отрын нутагт өвөлжүүлэх мал, өрхийн тоог нарийвчлан тогтоох, отрын түр штаб байгуулах, хүн, мал эмнэлэг, хүнс, өргөн хэрэглээний барааны үйлчилгээний цэгийг ажиллуулах, зам, даваа хаагдахаас өмнө өвс, тэжээлийн нөөцийг байршуулах, отор, нүүдлийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор багтаан зохион байгуулах арга хэмжээ авч байсугай;

б/хадлан, гар тэжээл (халтар хомоол, таана, хөмүүл, халгай, тарваганы ходоод гэх мэт) бэлтгэх, хашаа хороо, уст цэгийн тоог нэмэгдүүлэх, худаг засварлах ажилд иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хүчийг чиглүүлж 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 2 сарын зохистой ажил өрнүүлж ажилласугай;

в/малыг оторлон өвөлжүүлэх, ялангуяа адууг алсын оторт гаргахад нэг дор олон мал бөөгнөрч туурайн зуд болохоос сэргийлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

г/аймаг дундын отрын бүс нутгийг тодорхой хуваарьтайгаар хамтран ашиглах, хашаа, худгийг шинээр нэмж барих, засч тохижуулах болон өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг холбогдох аймгийн удирдлагууд хамтран шийдвэрлэж байсугай;

д/хэт хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр гарч ой, хадлан, бэлчээрийг сүйтгэж болзошгүй байгаа тул харуул, хамгаалалтыг өндөржүүлж, түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч, нэгэнт гарсан түймрийг шуурхай унтраахад бүхий л анхаарал хүчийг төвлөрүүлэн ажилласугай.

3. Энэ жил нийт нутгийн 70 гаруй хувь гантай буюу гандуу байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж

ахуйн сайд Д.Насанжаргалд даалгах нь:

а/өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймаг дахь улсын нөөцийн цэг, салбарт байх өвс, тэжээлийн тоо хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж, оновчтой байршуулах ажлыг энэ оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулсугай;

б/гантай буюу гандуу нутаг бүхий аймгаас мал, мах бэлтгэж дотоодын зах зээлд нийлүүлэх, малын гоц халдварт өвчин гараагүй бүс нутгуудаас мах экспортлоход дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажилласугай;

в/"Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 01 дүгээр албан даалгаврын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг үнэлж дүгнэх арга хэмжээ авсугай.

4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн Говь-Алтай, Баянхонгор аймгийн хилийн заагт орших Аргалант орчмын 118.6 мянган га газар нутгийг аймаг дундын отрын нутаг болгохоор тогтоож, хилийн заагийг нь хавсралт ёсоор баталсугай.

/5, 6-р хэсэг 2007 оны 187 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

7. Энэ тогтоолын 3 дугаар зүйлийн "а" заалтыг хэрэгжүүлэх, өвс, тэжээлийг орон нутагт тээвэрлэн байршуулахад зориулж төсөвт тусгагдсан 1000.0 (нэг тэрбум) сая төгрөгийг энэ оны 9, 10 дугаар сард багтаан олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

8. Отрын бүс нутагт инженерийн хийцтэй худаг засварлах, шинээр барихад шаардагдах 116.5 (нэг зуун арван зургаан сая таван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

9. Өнгөрсөн онд "Хадлан, тэжээл-2001" төслийн хүрээнд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон 1050.0 /нэг тэрбум тавин/ сая төгрөгийн буцаан төлөх хугацааг сунгаж, уг хөрөнгийг мал өвөлжилтийн бэлтгэлд түр хугацаагаар ашиглуулж 2003 онд нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.

10. Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Хүрхрээгийн услалтын системийн толгойн барилга, сувгийн их засвар, суваг болон талбайг элсний нүүдлээс хамгаалах, Алтайн хөх арвайн сорт тариалах, хадлангийн талбайг өргөтгөх зэрэг төслийг хэрэгжүүлэхэд зориулж эргэн төлөгдөх нөхцөлөөр 20.0 (хорин) сая төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын мэдэлд 2 жилийн хугацаагаар олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, энэ хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

11. Хөрөнгийнх нь эх үүсвэрийг 2003 оноос эхлэн төвлөрсөн төсөвт тусгах замаар үүлэнд нөлөөлж зориудаар хур тунадас оруулах пуужингийн нөөцтэй болох, тэдгээрийг жил тутам нөхөн сэлбэж байхыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа, зориудаар хур тунадас оруулах талаар дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа тэргүүний техник, технологийг судалж нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболд нарт тус тус даалгасугай.

12. Ган, зуд зэрэг байгалийн гамшиг олон жил дараалан болсноос мал аж ахуй, газар тариаланд учирсан хохирлыг нөхөх, цаашид урьдчилан сэргийлэхэд дэмжлэг, туслалцаа авах талаар гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой судалгаа бүхий санал тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай.

13. Мал өвөлжүүлж, хаваржуулах зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, цагийн байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгасугай.

14. Тусгай хамгаалалтын болон хилийн зурвас газарт мал оторлон өвөлжүүлэх асуудлыг судалж энэ оны 11 дүгээр сарын 15-ны дотор багтаан зохицуулалт хийхийг Байгаль орчны сайд У.Барсболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН