Хэвлэх DOC Татаж авах
МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2000 оны 5 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 70



Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт гарсан малын гоц халдварт А010 өвчний цагийн байдал, зарим аймагт хийсэн мал эмнэлгийн үзлэгийн дүн, мал вакцинжуулалтын ажлын явцыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөлөөс бусад сумдын иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон өөрчилж, хорио цээрийн хязгаарлалтын бүсийн дэглэмээр ажиллуулахаар тогтоосугай.


2.Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрийг иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болон хорио цээр тогтоосныг 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн цуцалсугай.


3.Дорноговь аймгийн нутгаар дайран өнгөрөх авто болон төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорио цээрийн дэглэмийг сахиулах шаардлагын дагуу зохицуулан зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, хил, гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын эрх баригчид, Дорноговь аймгийн Засаг дарга Л.Ишдоржид тус тус даалгасугай.


4.Хорио цээр цуцлах хүртэл хугацаанд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс мал, амьтны гаралтай түүхий эд гаргах, худалдан борлуулахыг хориглосугай.


5.Улаанбадрах, Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн дэглэмийг мөрдөн ажиллах, харуул хамгаалалт, хяналтыг чангатгах, малын гоц халдварт өвчний голомт тэлэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд, Улсын байнгын онцгой комиссын штабын дарга С.Мэндсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Л.Ишдорж нарт үүрэг болгосугай.


6."Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрийн хорио цээрийн бүсэд устгасан малын нөхөх олговрыг тооцоход баримтлах үнийн ханш"-ийг хавсралтын ёсоор тогтоосугай.


7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 62 дугаар тогтоолын 8, 9 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН