A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ НЭМЭЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 67

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Дорноговь аймгийн зарим сумын нутагт гарсан малын гоц халдварт А010 өвчинтэй тэмцэх ажлыг удирдан зохион байгуулах Улсын байнгын онцгой комиссын штабын даргаар Байгаль орчны сайд, Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга С.Мэндсайханыг томилсугай.

2.Штабын дарга С.Мэндсайхан, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Дорноговь аймгийн Засаг дарга Л.Ишдорж нарт даалгах нь:

а/гоц халдварт өвчний голомтод байгаа адуунаас бусад малыг устгах ажлыг 7 хоногийн дотор багтаан зохион байгуулах, устгасан малын хүүрийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор хорио цээрийн дүрэм зааврын дагуу булшлах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авсугай;

б/голомтоос гадна байгаа мал сүргийг вакцинжуулах ажлыг Иргэний хамгаалалтын дайчилгааны журмаар 10 хоногийн дотор дуусгах арга хэмжээ авсугай;

в/малыг нь устгасан айл өрх, тэдний ам бүл, мөн устгагдсан малын судалгааг газар дээр нь нарийвчлан гаргаж албажуулах арга хэмжээ авсугай;

г/гоц халдварт өвчний голомтод орж мал нь устгагдсан айл өрхөд хорио цээрийг цуцалснаас хойш 7 хоногийн дотор багтаан малыг нөхөн олгох арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй..

3.Малын гоц халдварт А010 өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, голомтыг устгах арга хэмжээнд зориулан зарцуулах 137700,0 (нэг зуун гучин долоон сая долоон зуун) мянган төгрөгийг хавсралтад заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

4.Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумын малын гоц халдварт А010 өвчний голомтод өртөж малаа устгуулсан өрхийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан хорио цээрийн хугацаанд шаардагдах хүнсний зүйлийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас баталсан нормативын дагуу улсын нөөцөөс гаргаж зарлагадахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд, уг хүнсний бүтээгдэхүүнийг нэр бүхий сумдын малаа устгуулсан айл өрхөд Улсын байнгын онцгой комиссын зардлаар хүргүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт тус тус даалгасугай.

5.Дорноговь аймгийн нутагт зээр болон бусад зэрлэг амьтанд малын гоц халдварт А010 өвчний халдвар байгаа эсэхийг тодруулах судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн хэсгийг томилон ажиллуулахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Байгаль орчны сайд С.Мэндсайхан, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт даалгасугай.

6.БНХАУ-ын Эрээн хотод хорио цээрийн улмаас хүлээлгэж байгаа манай улсын бүх төрлийн автомашин, тэдгээрийн зорчигчдыг нэг удаагийн арга хэмжээ болгон улсын хил нэвтрүүлж Замын-үүдэд ирүүлэх, эдгээр автомашин, зорчигчид болон Замын-үүдэд саатуулагдаад байгаа автомашинтай иргэдийг ариун цэвэр, хорио цээрийн зохих дүрэм, журмын дагуу халдваргүйжүүлэх арга хэмжээ авч нарийн зохион байгуулалттайгаар иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бүсээс гаргах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны сайд, штабын дарга С.Мэндсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Л.Ишдорж нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН