A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛЫН ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 280

Зарим аймгийн нутагт цас орж хүйтэрснээс шалтгаалан мал өвөлжилт хүндэрч байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Батлан хамгаалахын сайд, Улсын Байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгах нь:

а/мал өвөлжилтийн байдал хүндэрсэн аймгуудад мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулж цагийн байдлыг үнэлж, аймаг, орон нутгаас хэрэгжүүлж байгаа ажилд зөвлөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажилласугай;

б/цас их орсноос мал өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл тээвэрлэх, түлш шатахууны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсугай.

2. Улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад шуурхай хүргэх, үр ашигтай ашиглан малыг хэсэгчлэн тэжээх, зам харгуй гаргах, бололцоотой газарт малчдыг их цаснаас нүүлгэх, өвс тэжээлийг ойрын аймаг, сумаас худалдан авч хангах, отроор өвөлжиж байгаа болон өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх зэргээр дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Мал өвөлжилтийн байдал хүндэрсэн Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Архангай аймгийн малчдын хэрэгцээнд зориулан 1, 2 дугаар хавсралтад заасан хүнсний бараа, өвс тэжээлийг улсын нөөцөөс гарган олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан улсын нөөцөөс олгосон хүнсний бараа, өвс тэжээлийг нөхөн бүрдүүлэх эх үүсвэр 554.9 (таван зуун тавин дөрвөн сая, есөн зуун мянга) сая төгрөг болон нөхөн бүрдүүлсэн өвс тэжээлийг улсын нөөцийн цэг, салбарт байршуулах зардлыг тооцож Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2002 оны I улиралд багтаан гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, улсын нөөцийн хүнсний бараа, өвс тэжээлийг мөн улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

5. Баянхонгор аймгийн Шинэжинст, Эрдэнэцогт сумд болон Баянхонгор сумын Шаргалжуут баг (тосгон)-ийн хүний эмчийн салбарт улсын нөөцөөс УАЗ-31512 маркийн суудлын автомашин олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд зөвшөөрч, эдгээр машиныг 2002 оны эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаар олгох түргэн тусламжийн автомашинаас 2002 оны I улиралд Улсын нөөцийн газарт нөхөн нийлүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

6. Өвөлжилт хүндэрч болзошгүй баруун аймгуудын хэрэгцээнд зориулан 1200 тонн хорголжин тэжээлийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ-аас импортлон авч 3 дугаар хавсралтад заасан аймгуудад борлуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгаж, импортоор оруулах тэжээлийг худалдан авах үнэ, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвар, тээврийн зардалд шаардагдах 211.9 (хоёр зуун арван нэгэн сая, есөн зуун мянга) сая төгрөгийг 2002 оны 1 дүгээр сард багтаан төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

7. Зарим аймагт илүүдэлтэй байгаа өвсийг цаг хүндэрсэн аймгуудын малчдад худалдах буюу экспортлох, хорголжин тэжээл импортоор авах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

8. Мал өвөлжилт хүндэрсэн болон цаашид хүндэрч болзошгүй аймгуудаас цагийн байдлын мэдээлэл байнга авч, аймгийн Засаг даргын зүгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны үр дүнг үнэлж байх, авах арга хэмжээг шуурхай зохицуулж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН