A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 277

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгах нь:

а/төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн эцсийн гүйцэтгэлээр гаргаж дараа оны 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг үүрэг болгосугай;

б/гахай, шувууны аж ахуй хөгжүүлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжиж, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

в/мах үйлдвэрлэгч болон экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг мал эрүүлжүүлэх, мал аж ахуйг эрчимжүүлэх зорилгод чиглүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтарч ажилласугай.

3. Хот, суурин газрын хүн амын хэрэгцээг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Мал сүргийг эрүүлжүүлэх, мах боловсруулах үйлдвэрүүдэд техникийн шинэчлэл хийх, бага оврын махны үйлдвэр байгуулах, мал бордох болон мах судлалыг хөгжүүлэх, монгол малын махыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн боловсруулж экспортлох, үүнтэй уялдуулан орчин үеийн лаборатори бий болгох арга хэмжээ авч тэдгээрт шаардагдах хөрөнгийг дотоодын болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт үүрэг болгосугай.

5. Хөрш зэргэлдээ болон сонирхогч улс орнуудын махны эрэлт хэрэгцээг судлан мах экспортлох хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ