A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 200

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аймаг, сум дундын отрын нутагт засварлах болон шинээр гаргах худаг,түүнд шаардагдах хөрөнгийн хуваарь"-ийг хавсралт ёсоор баталж, 82.7 /наян хоёр сая долоон зуун мянга/ сая төгрөгийн зөрдлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны төсвийн багцад худаг, услалтын системийн засварт зарцуулахаар тусгагдсан хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлж худаг засварын ажлыг 2005 оны 11 дүгээр сард багтаан дуусгах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай

2. Дундговь аймгийн Говь-Угтаал, Өлзийт сум, Өмнөговь аймгийн Гурвантэс, Манлай суманд орон нутагт байгаа агуулах, саравчийг ашиглан өвс, тэжээл тээвэрлэн байршуулж 2006 он дуустал улсын нөөцийн түр цэг ажиллуулахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд даалгасугай

3. Өвөрхангай аймагт тохиолдсон үер, ус, хүчтэй салхины гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон Богд сумын иргэн Ю.Тогооч, Х.Батмөнх нарт иж бүрэн 4 ханатай гэр тус бүр нэг, мөн сумын иргэн Д.Батсуурь болон Зүүнбаян-Улаан сумын иргэн Т.Ёндонпунцаг нарт таван ханатай гэрийн мод тус бүр нэгийг улсын нөөцөөс олгож, 2005 онд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд даалгаж, нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 1234.0 /нэг сая хоёр зуун гучин дөрвөн мянга/ мянган төгрөгийг улсын төсвийн хэмнэлтээс гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй

4. Өвөрхангай аймагт 2005 оны зун болсон гэнэтийн аянга, хүчтэй хуй салхи, үер зэрэг байгалийн аюулт үзэгдлийн улмаас хохирсон иргэдэд дэмжлэг үзүүлэхэд зориулан 5050.0 /таван сая тавин мянга/ мянган төгрөгийг улсын төсвийн хэмнэлтээс гаргаж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгохыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

5. Отрын бүс нутагт өвөлжиж, хаваржиж байгаа малчид, иргэдийн нийгэм, ахуй, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгох зорилгоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Захирагчийн албанд УАЗ-31512 маркийн автомашин нэгийг улсын нөөцөөс олгож, 2005 онд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд даалгаж, нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 9.0 /есөн/ сая төгрөгийг улсын төсвийн хэмнэлтээс гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА