Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ӨВӨЛЖИЛТ,ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛЖ  АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ӨВӨЛЖИЛТ,ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛЖ  АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 36



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Сангийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нарт дараахь арга хэмжээ авахыг даалгасугай:


а/ 2007 оноос өмнө Улсын нөөцийн ил задгай талбайд нөөцөлсөн 10354.9 тонн өвсийг үнэгүй, саравчинд хадгалагдаж байгаа 4038.9 тонн өвсний үнийг 50 хувь, агуулахад хадгалагдаж байгаа 2482.8 тонн өвсний үнийг 20 хувиар тус тус бууруулан 1 дүгээр хавсралтад заасны дагуу орон нутагтаа өвөлжиж, хаваржиж байгаа болон отроор яваа малчдын байршлыг харгалзан захиалгын дагуу олгох;


б/ Улсын нөөцөөс Засгийн газрын шийдвэрийн дагуу 2001 оноос хойш малчдад зээлээр олгосон 2 дугаар хавсралтад заасан өвс, тэжээлийн үнийн өрийг чөлөөлөх;


в/ Улсын мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсны дагуу устгах, 3 дугаар хавсралтад заасан малын тэжээлийг мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналтын дор устгах;


г/ Улсын нөөцийн цэг салбаруудаас аймгуудад үнэгүй олгох өвсний хэмжээг мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай уялдуулан Онцгой байдлын ерөнхий газар хуваарилан олгох;


д/ Улсын нөөцөөс үнэ бууруулан худалдаж борлуулсан өвсний үнийг Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрлүүлж 2008 оны Улсын нөөцийн өвсийг нөхөн бүрдүүлэхэд зарцуулах.


2. Улсын нөөцөд байгаа өвсийг хадгалалтын хугацаа харгалзан үнэгүй буюу үнийг 20-50 хувиар бууруулсантай холбогдуулан малчдаас ирүүлсэн захиалгыг баг, сум, дүүргээр нэгтгэн Онцгой байдлын ерөнхий газарт өгч 2008 оны 3 дугаар сард багтаан малчдад олгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий                                                                                           С.БАЯР


Монгол Улсын Шадар сайд                                                                                    М.ЭНХБОЛД