Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛ ,МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 78



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралтын, “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтын, “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээ”-г 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


(Энэ тогтоолын 3-р хавсралтад 2008 оны 223, 320-р тогтоолоор нэмэлт өөрчлөлт  орсон)


2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон хөтөлбөрийн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох Үндэсний хороонд, хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хариуцсан чиглэл, заасан хугацаанд нь эрхлэх асуудлын хүрээ, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.


3. Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хүрээнд шинээр болон шинэчлэн боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомжийг зохих журмын дагуу боловсруулж батлуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай.


4. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бүртгэл, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн үр ашгийг дээшлүүлж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгах, гадаад, дотоодын байгууллага болон хувийн хөрөнгө оруулалт, санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                         С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                                                                                        Н.ЭНХБОЛД