A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 3–ны өдөр

Дугаар 52

Улаанбаатар хот

МАЛЫН СЭГ,ЗЭМИЙГ УСТГАХ,АРИУТГАЛ,ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүн, малын халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад үхсэн малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээ болон ажлын хэсгийн томилолтын зардалд шаардагдах 290.0 (хоёр зуун ерэн) сая төгрөгийг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд зөвшөөрсүгэй.

2. Малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, тээвэрлэх ажлыг гүйцэтгэх ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдээр дамжуулан хөдөлмөрийн насны ажилгүй иргэд, малчидтай гэрээ байгуулан, ажлын хөлс олгоход зориулж нийт 241.6 (хоёр зуун дөчин нэгэн сая зургаан зуун мянган) сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийтийг хамарсан ажлын хүрээнд зарцуулах хөрөнгөөс гаргахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

3. "Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолын дагуу Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Увс, Төв, Хөвсгөл аймгуудад олгосон хөрөнгийн бусад арга хэмжээний зардлаас 25.0 (хорин таван) сая төгрөгийг нь малын сэг, зэм устгахад шаардагдах тээврийн хэрэгсэл, шатахууны зардалд зарцуулахыг дээрх аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, гүйцэтгэлийн тайланг гаргаж холбогдох баримтын хамт 2010 оны 5 дугаар сард багтаан Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тус тус ирүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД