A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 144

2000-2001 оны малын өвөлжилт, хаваржилтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Дамдинсүрэн нарын мэдээллийг хэлэлцээд, сүүлийн жилүүдэд манай оронд тохиолдсон байгалийн гамшгийн байдалд дүгнэлт хийж, цаашид учирч болзошгүй хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутаг дахь хадлан бэлтгэл, тэжээлийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, мал сүргийг байгалийн болзошгүй гамшгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр боловсруулсан "Хадлан, тэжээл-2001" төслийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгах нь:

а/Байгаль орчны яам, Улсын байнгын онцгой комисстой хамтран 2001 оны зуншлага, ирэх өвлийн цаг агаарын тойм, зураглалыг энэ оны 7 дугаар сард багтаан аймаг, сум бүрээр нарийвчлан гаргасны үндсэн дээр отор нүүдэл хийх, хадлан бэлтгэх газар нутгийг зохицуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлсүгэй;

б/таваарын зориулалтаар ОХУ-д мал экспортлох асуудлыг зохицуулан шийдвэрлүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байсугай;

в/"Хадлан, тэжээл-2001" төслийг хэрэгжүүлэх ажлын явц, биелэлтэд тогтмол хяналт тавьж дүнг 2001 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулсугай.

3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/ газар нутгийн онцлог, бэлчээрийн гарц, усан хангамж зэргийг харгалзан мал оторлох, өвөлжүүлэх нутгийг оновчтой тогтоож, шаардагдах хашаа, хорооны хангамжийг сайжруулах, уст цэгийг сэргээн засварлаж, лайдах, улмаар түүнийг малчдад эзэмшүүлэх, дулаалга хийлгэх, энгийн уурхайн худаг гаргах ажлыг зохион байгуулан 11 дүгээр сарын 20-ны дотор багтаан дүгнэсүгэй;

б/"Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр", "Хадлан, тэжээл-2001" төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтэд нь байнгын хяналт тавьж ажиллах, энэ хүрээнд хадлан, тэжээл бэлтгэх ажлыг аймаг, сум, баг, өрхийн хэмжээнд 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

в/2000-2001 оны өвөл, хавар мал нь олноор хорогдож малгүй буюу цөөн малтай болсон өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, малжуулах болон тэдний амьжиргааг дээшлүүлэх бодлогыг энэ оны 7 дугаар сард боловсруулан хэрэгжүүлж эхэлсүгэй;

г/мал өвөлжүүлэх газар, отрын бүс нутгийг аймгийнхаа зуншлага,намаржилтын байдалтай уялдуулан 9 дүгээр сард багтаан тогтоож, өвөлжөө, хаваржааны бэлчээрийг нөөцлөж хамгаалах арга хэмжээ авсугай;

д/малын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ, өвөлжөө, хаваржааны орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг технологийн хугацаанд нь чанартай зохион байгуулж явц, үр дүнд хяналт тавьж ажилласугай;

е/малчид, иргэдийн хүч хөдөлмөр, хөрөнгийг хорших, хамтын хүчийг ашиглах замаар хадлан, тэжээл бэлтгүүлэх, сум, баг бүрийг өөрийн өвс, тэжээлийн нөөцтэй болгох ажлыг зохион байгуулахын хамтаар малчдад хадлангийн талбай эзэмшүүлж хамгаалалтад авахуулах, бордох, услах зэргээр ургац нэмэгдүүлэх, хадлан, тэжээлээ бэлтгэхэд нь бололцоотой бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч ажилласугай;

ж/мал өвөлжүүлэх бэлтгэлийг сум, баг, өрх бүрээр 10 дугаар сард багтаан шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч дүнг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлсүгэй.

4. "Хадлан тэжээл-2001" төслийг хэрэгжүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлөөр 650, 0 (зургаан зуун тавин) сая төгрөг гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

5. Гадаад орон, олон улсын байгууллагаас Улсын байнгын онцгой комиссын нэр дээр ирүүлсэн хандив, тусламжаас Санхүү, эдийн засгийн яамтай тохиролцсон хуваарийн дагуу хадлан, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулан эргэж төлөгдөх нөхцөлөөр зарим аймагт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгасугай.

6. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгах нь:

а/мал аж ахуйг байгалийн эрсдэлээс хамгаалахад зориулан байгуулах "Мал хамгаалах сан"-г эхний ээлжинд улсын төвлөрсөн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөс бүрдүүлж, түүнийг зарцуулах журам, эргэн төлөгдөх нөхцөлийг боловсруулан баталж мөрдүүлсүгэй;

б/аймаг дундын отрын бүс нутагт хашаа барих, уст цэг гаргах, улсын нөөцийн өвс, тэжээлийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцож 2002 оноос эхлэн улсын төвлөрсөн төсөвт тусгаж байх арга хэмжээ авсугай.

7. Малчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх арга хэмжээг аймгийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад үүрэг болгосугай.

8. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа худалдах, солилцох зорилгоор байнгын ажиллагаатай хилийн боомт нээн ажиллуулах талаар аймгуудаас тавьж байгаа санал, хүсэлтийг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

9. Малын хашаа, саравч барьж өвлийн бэлтгэлийг хангах, байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхэд шаардагдах мод, модон материал ойгоос бэлтгэх зөвшөөрлийг зохих хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод даалгасугай.

10. Мал сүргийг даатгалын системд хамруулах асуудлыг боловсруулж, энэ оны Ш улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

11. Мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, үр дүнг нийтэд тогтмол мэдээлж байхыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод даалгасугай.

12. Сүүлийн жилүүдэд манай оронд тохиолдож байгаа байгалийн гамшгаас сургамж авч, мал аж ахуйн ирэх өвлийн бэлтгэлийг бүрэн хангах, хэрэгцээтэй өвс, тэжээлээ хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж нөөцлөхөд идэвх чармайлт гаргаж, нөөц, боломжоо дайчлан ажиллахыг манай орны нийт иргэд, малчдад уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН