Хэвлэх DOC Татаж авах
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2010-2011 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2010-2011 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 166



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Цаг агаарын хүндрэл, гамшгийн үед хэрэглэх зорилгоор бүрдүүлэх аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.


2. Сүүлийн өдрүүдэд агаарын температур өссөнтэй холбогдуулан хөрс, агаар хэт халж, тариа, бэлчээр гандах төлөвтэй байгааг харгалзан цаг агаарт зориудаар нөлөөлж хур тундас оруулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, малыг зуны оторт гарган таргалуулах, шаардлагатай газарт гангийн зэрэглэл тогтоох зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Л.Гансүх, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Мал сүргээ өөрийн нутаг, орон нутгийн отрын бэлчээрт болон гэрээ байгуулж бусад аймаг, сумдын нутагт отор нүүдлээр өвөлжүүлэх хуваарь гарган энэ оны 9-10 дугаар сард багтаан отор нүүдлийг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тусгай хамгаалалттай газар болон аймаг дундын отрын бэлчээрт өвөлжүүлэх өрх, малын тоог аймгийн удирдлагатай хамтран тохирч, зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Л.Гансүх, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт тус тус даалгасугай.


4. Дараахь арга хэмжээг авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:


а) ОХУ-аас тусламжаар өгсөн арвайгаар тэжээл үйлдвэрлэх болон хадлан, тэжээл бэлтгэх замаар энэ тогтоолын хавсралтаар баталсан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, байршуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;


б) мал өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр нутгийн захиргааны байгууллагын зүгээс зохион байгуулах үйл ажиллагаа болон малчид, мал бүхий иргэдийн хийх тодорхой ажлыг хамруулсан төлөвлөгөөг аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр баталж, хэрэгжилтийг зохион байгуулан дүнг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлж, мал өвөлжүүлэх, хаваржуулах төлөвлөгөөний хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тайлагнах;


в) малын халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулга зэрэг арга хэмжээг технологийн дагуу цаг хугацаанд нь хийлгэх болон өвөлжөө, хашаа, хорооны ариутгал, халдваргүйтгэлийн ажлын явцад хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллах;


г) хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээний ажлыг энэ оны 7 дугаар сарын 20-ны дотор дуусгаж, хадлангийн техникээр үйлчлэх ажлыг зохион байгуулж ажиллах;


д) 2011 оны хаврын улиралд нийслэл, аймгийн төвийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор мал бэлтгэж, махыг үйлдвэрийн аргаар боловсруулан нөөцлөх, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх арга хэмжээг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах;


е) хээлтүүлэгч малын тооцоог гаргаж, дутагдалтай байгаа хээлтүүлэгчийг нөхөн тавиулах, худалдан борлуулах, малчид, иргэдийн захиалгын дагуу малын зохиомол хээлтүүлгийг зохион байгуулах;


ж) бэлчээр, хадлангийн талбай хаших, уст цэг гаргах, хадлан хадах, тэжээл бэлтгэх, түүхий эд боловсруулах, ахуйн үйлчилгээ үзүүлэх, малын удмын санг хамгаалах, малыг эрүүлжүүлэх зэрэг малчдад туслах чиглэлийн жижиг үйлчилгээг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;


з) өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах шатахуун болон шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авах;


и) өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хангалтгүй зохион байгуулж байгаа сум, дүүргийн удирдлага, албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллах .


5. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай:


а) “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг малчид болон иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;


б) өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг салбарын хэмжээнд гарган хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох яам, газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулан, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хангалтгүй зохион байгуулсан аймаг, нийслэлийн удирдлага, албан тушаалтантай тодорхой хариуцлага тооцон ажиллах;


в) хадлан болон тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийг салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд нэмэгдүүлэх, тэргүүний үйлдвэрлэгч, хадланчдыг урамшуулах болзол зарлаж, тэдгээрийн туршлага, үр дүнг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;


г) үтрэмийн талбай, агуулахаас гарч байгаа тэжээлийн будаа, үр тарианы сүрэл, төмс, хүнсний ногооны иш, навч зэргийг малын тэжээл бэлтгэхэд ашиглах талаархи мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн заавар, зөвлөгөөг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.


6. Мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд шаардлагатай хөрөнгийг төсвийн багцынхаа хүрээнд зохицуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.


7. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг улсын хэмжээгээр нэгтгэн 2010 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.


              Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                       С.БАТБОЛД


              Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн


                      үйлдвэрийн сайд                                                                                                     Т.БАДАМЖУНАЙ