A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 221

Улаанбаатар хот

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хорио цээрт, малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод аймгийн Халхгол, Матад, Булган сумдын нутагт гарч, халдварын голомт тэлж мал сүргийн эрүүл мэнд, мал аж ахуйн үйлдвэрлэл, эдийн засагт ихээхэн хохирол учруулах эрсдэл өндөр байгааг харгалзан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн уг өвчнөөр өвчлөмтгий бүх малыг дархлаажуулахад шаардагдах зардлыг хавсралт ёсоор баталж, үүнээс 645.726.0 (зургаан зуун дөчин таван сая долоон зуун хорин зургаан мянган) мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, 1.506.694.0 (нэг тэрбум таван зуун зургаан сая зургаан зуун ерэн дөрвөн мянган) мянган төгрөгийг "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас тус тус санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт зөвшөөрсүгэй.

2. Дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахад мал эмнэлгийн болон сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудын хүч бололцоог ашиглаж орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, малчдыг арга зүйн удирдлагаар ханган, шаардагдах вакцин, багаж хэрэгсэл худалдан авах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

3. Зэрлэг ан амьтад, зээрээр шүлхий өвчин дамжин тархах эрсдэл өндөр байгааг харгалзан тэдгээрийн тархалт, шилжилт хөдөлгөөнд хяналт, тандалт судалгаа хийж, дүгнэлт гарган, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.

4. Монгол Улсын баруун бүсийн 7 аймагт шүлхий өвчний халдваргүй, вакцин таригдаагүй, эрүүл бүсийн статус тогтоох ажлыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран үе шаттай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт даалгасугай.

5. Хүн, мал амьтны хөдөлгөөн, малын гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хязгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт хэв журам сахиулах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, мал сүргийг дархлаажуулах ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд орон нутгийн иргэд, мэргэжлийн албадын үйл ажиллагааг чиглүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ

Сангийн сайд С.БАЯРЦОГТ