Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 246



Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.5.3, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хурдан тархаж байгаатай холбогдуулан эдгээр аймгийн нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шилжүүлж, хорио цээр тогтоосугай.


2. Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоолоор баталсан “Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам”–ын дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Дээрх аймгуудад хорио цээр тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт дор дурдсан арга хэмжээ авахыг даалгасугай:


3.1. Аймгийн гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шаардлагатай материал хэрэгслээр хангах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгах, мал, амьтны сэг, зэмийг булшлах, ус бэлчээр нэгтэй байсан мал сүргийг тусгаарлах.


3.2. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд орон нутгийн болон улсын чанартай авто замын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэгийг холбогдох заавар, журмын дагуу байгуулж, үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллах.


3.3. Мал сүргийг байнгын хариулгатай байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчдад заавар зөвлөмжийг өгч ажиллах.


4. Хорио цээр тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Дорнод, Сүхбаатар аймагтай зэргэлдээ Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дор дурдсан арга хэмжээ авахыг даалгасугай:


4.1. 2010 оны 9 дүгээр сарын 20-ны дотор гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уг өвчнөөр өвчлөмтгий малыг үзлэгт хамруулах, тандалт хийх, шаардагдах ариутгалын бодис, техник, тоног төхөөрөмжийн нөөц, хүн хүч, тээврийн хэрэгслийг бэлэн байлгах арга хэмжээг зохион байгуулах.


4.2. Өвчин гарах эрсдэл өндөр, малын шилжилт хөдөлгөөн ихтэй, зам дагуу газруудад харуул хамгаалалт, хяналтын цэгүүдийг холбогдох журмын дагуу байгуулж, анхааруулсан тэмдэг, дохио, санамж тавиулах.


4.3. Өвчний сэжиг бүхий нутаг дэвсгэрээс мал оруулахыг тодорхой хугацаагаар хориглох, зэрлэг амьтад, зээрийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, мэргэжлийн байгууллагад тогтмол мэдээлж байх.


5. Дорнод, Сүхбаатар аймгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бусад бүс нутагт оруулахыг 6 сарын хугацаатайгаар хориглосугай.


6. Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд тандалт, судалгаа хийж, өвчилсөн зээрийг устгах, цаашид халдвар тархаахгүй байх талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.


7. Хорио цээр тогтоосон бүс нутагт харуул хамгаалалт гаргах, өвчтэй мал, зээрийг устгах, үхсэн мал, амьтны сэг, зэмийг зааврын дагуу булшлах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчин, хилийн цэргээс шаардлагатай хүн хүч, техник хэрэгсэл гаргаж ажиллуулах талаар санал боловсруулан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид тавьж шийдвэрлүүлэхийг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.


8. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний гарал үүслийг тогтоох ажлын хэсгийг томилон ажиллуулж, дүнг энэ оны 10 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт даалгасугай.


9. Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн үржлийн газарт улсын нөөцөөс УАЗ-31512 маркийн автомашин 1 ширхгийг олгож, 2010 онд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод, улсын нөөцөөс олгосон автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 18.5 (арван найман сая таван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.


10. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.


                 Монгол Улсын Ерөнхий сайд                          С.БАТБОЛД 


                Монгол Улсын Шадар сайд                               М.ЭНХБОЛД