A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЯВДЛЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 259

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчиж буй ахмад настан, тахир дутуу иргэдийн унааны хөлсний нөхөн олговорт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж түүнийг олгох журмыг тээврийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэн, 2002 оноос эхлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт даалгасугай.

2. Нийслэлд албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн байгууллагын ажилтны нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих зардлыг тухайн байгууллагын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Нийтийн тээврийн үйлчилгээний орлого хураах ажлыг сайжруулж, нийтийн тээврийн хэрэгслээр мөнгөө төлөхгүй зорчих явдлыг зогсоох талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж алдагдлыг бууруулан, үнэ төлбөргүй зорчих талаар гарсан шийдвэрүүдийг хянан үзэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт үүрэг болгосугай.

4. "Тэтгэвэр авагчдын нийтийн тээврийн унааны зардлын зарим хэсгийг нөхөн олгох тухай" Засгийн газрын 1995 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоол, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор батлагдсан "Гал түймрийн улсын хяналтын дүрэм"-ийн гуравдугаар бүлгийн 10-ын "к" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД