A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИХ ЯВДЛЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 154

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих талаар гаргасан шийдвэрээ үзүүлж буй хөнгөлөлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг тогтоон өгөх чиглэлээр хянан үзэж өөрчлөхийн хамт төрөл бүрийн үнэмлэх, баримт бичиг үзүүлэн зорчих явдлыг зогсоох арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөмж болгосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тахир дутуу иргэдэд зарим хөнгөлөлт үзүүлэх тухай" Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн "б" заалтын ".. .аймгийн төв, хот суурин газрын нийтийн үйлчилгээний /таксинаас бусад/ тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй.. ." гэсэн хэсэг, "Мэргэжлийн сургуулийн оюутан, сурагчдад зарим хөнгөлөлт үзүүлэх тухай" Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 175 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА