Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 8



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт даалгах нь:


а/нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэл, мэдээлэл, зохицуулалт, хяналтын автомат системийг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд хамруулж шийдвэрлэсүгэй;


б/нийслэлийн авто замын уулзварын гэрлэн дохиог орчин үеийн загвараар сольж тоноглох, замын гол уулзвар, хэсэгт хөдөлгөөний хяналтын телекамерийн систем суурилуулахад шаардагдах хөрөнгийг 2003 оны төвлөрсөн төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авсугай;


в/хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний төвийг нийслэлийн баруун, зүүн хэсэгт байрлуулж, түүнтэй холбогдон газар олгох, барилга, зам, талбай барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээ авсугай.


2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М. Энхболдод үүрэг болгох нь:


а/нийслэлийн Тээврийн газрыг авто тээвэр, авто замын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Зам, тээврийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай;


б/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа төрийн өмчит “Автобус-2”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн одоогийн үндсэн үйл ажиллагааг хэвээр хадгалж үйлчилгээний чанар, эдийн засгийн үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах чиглэл баримталж 2002-2004 онд шийдвэрлүүлэх арга хэмжээ авсугай;


в/замын хөдөлгөөний нягтрал зохиомлоор үүсгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг хот төлөвлөлтийн бодлого, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой болгох арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлсүгэй;


г/олон улсын болон дамжин өнгөрөх авто тээврийн харилцааны эрх зүйн орчин бүрдэж байгаатай холбогдуулан нийслэлд олон улсын ачаа, зорчигч тээврийн автовокзал, терминал аж ахуйг байгуулах байршлыг 2002 онд тогтоосугай;


д/хөрөнгийн асуудлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудад тавьж шийдвэрлүүлэх замаар хотын ерөнхий төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий схемтэй уялдуулан нийслэлийн зорчигч тээврийн ерөнхий схемийг 2002–2003 онд багтаан боловсруулсугай;


е/нийслэлийн авто замын хөдөлгөөн, нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг ажлын өдрийн оргил ачаалалтай уялдуулан зохицуулж байх арга хэмжээ авсугай;


ж/нийслэлийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах зорилгоор замын хөдөлгөөний зохицуулалтын дэвшилтэт арга хэлбэрийг судалж, нэвтрүүлэх арга хэмжээ авсугай;


з/авто замын зураг төслийг зохиох, зам барихдаа явган хүний гарцад тахир дутуу хүн, тэргэнцэр болон дугуйтай зорчигчдод зориулсан налуу гаргах, сургууль, цэцэрлэгийн орчимд автомашины хурдыг сааруулах замын байгууламж,замын ус зайлуулах системийг тусган хэрэгжүүлэх арга хэмжээг авч байсугай.


З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн “г” заалтыг “Зам, тээврийн газар” гэж өөрчилсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


/Засгийн газрын 2004 оны 182 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан/