Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 70



Засгийн газрын гишүүд бүрэлдэхүүнээрээ нийслэлд ажилласан дүнг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Нийслэлд баригдах орон сууцны хорооллын газрын асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч, шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны фондын тодорхой хэсгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлж байх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж энэ оны П улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт даалгасугай.


2. Дор дурдсан арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад даалгасугай:


а/ эрүүл мэндийн байгууллагын ажилтны харилцааны соёлыг сайжруулах, эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэх, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шаардлагатай байгаа суурин рентген болон биохимийн анализаторын аппарат олгох асуудлыг шийдвэрлэх;


б/ удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн төр хариуцах зардлын хэмжээ, нэг даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний суурь тарифыг нэмэгдүүлэх, эмчилгээ, оношилгооны орчин үеийн төв байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулан энэ оны 4 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулах.


3. Агаар бохирдуулсны төлбөрийн хуулийг шинээр боловсруулах, сайн чанарын брикетэн түлшний болон нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, агаарын чанарын хяналтын албыг бэхжүүлж шаардлагатай багаж хэрэгслээр хангах, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, авто тээврийн хэрэгслээс ялгарах утааны бохирдлыг үе шаттай бууруулах зэрэг хотын агаарын бохирдлыг багасгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт даалгасугай.


4. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төвд биеийн тамирын заал барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг хамтран шийдвэрлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт даалгасугай.


5. Хүүхэд, залуучуудад үв тэгш хүмүүжил олгох, тэдгээрт ардын уламжлалт хүмүүжил, ёс заншлыг эзэмшүүлэх асуудлыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.


6. Цагдаагийн алба хаагчдын харилцааны соёл, ёс суртахууныг дээшлүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллах, нийслэлийн цагдаагийн байгууллагын орон тоо, автомашин, техникийн хангамжийн байдлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт даалгасугай.


7. Улаанбаатар хотын замын байгууламжийн сүлжээний төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, ачаалал ихтэй зам, замын уулзварыг өргөтгөх, уулзваруудын гэрлэн дохиоллыг шинэчлэн сайжруулах, теле камерын хяналтын систем суурилуулах, замын доогуур болон дээгүүр явган хүний гарц байгуулах зэрэг хотын замыг сайжруулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт даалгасугай.


8. Дор дурдсан арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтад даалгасугай:


а/ Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан Засгийн газарт танилцуулах;


б/ нийтийн эзэмшлийн түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалтыг боловсруулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;


в/ “40000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаархи саналаа Засгийн газарт танилцуулах.


9. Нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусны парк шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт даалгасугай.


10. Нийслэлд ажиллаж байгаа зочид буудал, зоогийн газар, баар, саун, компьютер тоглоомын газруудын үйл ажиллагаанд хамтарсан шалгалт хийх, тэдгээрийн стандартыг шинэчлэн тогтоох зэргээр холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт үүрэг болгосугай.


11. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулиар хориглосон газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг шалган тогтоох, архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг сайжруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөсүгэй.


12. Нийслэлийн орон сууцны байруудын нэгдүгээр давхар, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, оюутан, сурагчдын дотуур байрны орчинд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар холбогдох арга хэмжээг энэ оны П улиралд багтаан авахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт үүрэг болгосугай.


13. Ажилгүйдлийг бууруулах, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор гадаадаас авах ажиллах хүчинд тодорхой мэргэжлийн шалгуур тогтоох чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нарт даалгасугай.


14. Нийслэл орчмын дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн бүсэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд газар олгосон байдлыг шалгаж, дүн болон цаашид авах арга хэмжээний талаар энэ оны П улиралд Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт үүрэг болгосугай.


15. Дор дурдсан арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярт даалгасугай:


а/ нийслэл, дүүргүүдэд газрын маргаантай асуудлаар нэгдсэн үзлэг шалгалт зохион байгуулж, газрын маргааныг бүрэн шийдвэрлэх арга хэмжээ авахын хамт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, Сууц өмчлөгчдийн холбоодын орчны газрыг баталгаажуулан тэдгээрт эзэмшүүлэх;


б/ алслагдсан дүүрэг, хороодын хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгоор тэдгээрт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, боловсон хүчний нөөцөд тулгуурлан аж үйлдвэрийн болон технологийн парк байгуулах;


в/ нийслэлд хүн амын тооллого явуулах, иргэний бичиг баримтын зөрчлийг арилгах, орон нутгаас шилжин ирэгсдийг бүртгэх, хаягжуулах арга хэмжээг энэ оны П улиралд багтаан авах;


г/ нийслэл, дүүрэг, хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааг иргэдийн оролцоотой үнэлж дүгнэх, нэг цэгийн үйлчилгээ, дугаар авах тогтолцоог нэвтрүүлэх, иргэдийг чирэгдүүлэн хүнд суртал, ёс суртахууны зөрчил, дутагдал гаргасан ажилтантай хатуу хариуцлага тооцож байх зэрэг арга хэмжээ авч ажиллах.


16. Засгийн газрын ажлын хэсгүүдийг нийслэл, дүүрэгт ажиллах үед тавьсан санал, хүсэлтийг судалж, шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.


17. Энэ тогтоол болон төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавьж, улирал бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболдод үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга


М.ЭНХБОЛД С.БАТБОЛД