A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 334

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс нийгмийн үйлчилгээг иргэдэд жигд, чанартай, үр ашигтай хүргэхэд баримтлах "Нийгмийн үйлчилгээний жишиг норматив"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Салбарын бодлого тодорхойлох, төлөвлөлт хийхдээ "Нийгмийн үйлчилгээний жишиг норматив"-ыг баримталж ажиллах, нормативт зааснаас илүү төлөвлөх тохиолдолд төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар урсгал зардлыг урьдчилан шийдвэрлэсэн байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. "Нийгмийн үйлчилгээний жишиг норматив"-т заасан боловсролын үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор боловсролын байгууллагын барилга байгууламжид тавих үндсэн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын болон номын сан, биеийн тамирын заал, бие засах газар, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулах орчны стандартыг боловсруулан батлуулж, боловсролын бүх шатны байгууллагад мөрдүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

4. Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандартын биелэлтийг хангах ажлын явцыг шалган, дүнг жил бүрийн IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

5. Нийгмийн үйлчилгээ нь энэхүү жишиг нормативт заасан түвшинд хүрээгүй сумдын судалгааг гаргаж, үйлчилгээг сайжруулах асуудлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, эдгээр арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР