Хэвлэх DOC Татаж авах
НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ШИЙДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ШИЙДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 324



Захиргааны байгууллагуудын хүнд суртлыг багасгах, тэдгээрийн шийдвэр гаргах чадавхийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгах нь:


1.1. Улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэлтэй нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүдийг эрхлэх ажил, чиг үүргийнхээ хүрээнд хянан үзэж, цэгцлэх арга хэмжээг 2008 оны 1 дүгээр сард багтаан зохион байгуулсугай;


1.2. Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхөө больсон, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн, эх хувь нь байхгүйн улмаас дагаж мөрдөх боломжгүй болсон, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүчингүй болгох талаар дүгнэлт гаргаж хүргүүлсэн боловч хүчингүй болгоогүй шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг 2008 оны 1 дүгээр сард багтаан авсугай;


1.3. Хуульд заасны дагуу батлах ёстой энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад заасан нийтээр дагаж мөрдөх шийдвэр батлагдсан болон улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг хянаж, шаардлагатай шийдвэрийг баталж бүртгүүлэх арга хэмжээг 2008 оны I улиралд багтаан хэрэгжүүлсүгэй.


2. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх “Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг цэгцлэх ажлын удирдамж”-ийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.


3. Дараахь асуудлыг судалж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан 2008 оны 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:


3.1. Нийтээр дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдоогүй шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг холбогдох хуулиудад тусгах;


3.2. Хуульд тусгайлан заасан боловч баталж мөрдүүлэх шаардлагагүй шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг нягтлан үзэх.


4. Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”-ыг мөрдөж хэвшүүлэх, цаашид уг журамтай холбоотой зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.


5. Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг боловсруулах, батлах, хянах, нийтэд хүргэх зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай.


6. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                              С.БАЯР


Хууль зүй, дотоод хэргийн сайд                                                                                        Ц.МӨНХ-ОРГИЛ


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                                                                                          Н.ЭНХБОЛД