Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 27



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах нийт 38.4 (гучин найман тэрбум дөрвөн зуун сая) тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.


2. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.


3. Нийслэлийн нийтийн тээвэр, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох ажлын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгтэд даалгасугай:


а/нийтийн тээврийн зорчигч урсгалын судалгааг нарийвчлан гаргаж, үйлчилгээний чиглэлийн давхцалыг бууруулах, маршрут болон замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, нийтийн тээвэр саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэн 2009 оны 1 дүгээр сараас эхлэн мөрдөх;


б/нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн болон таксийн зогсоол, хийн түлш түгээх станц, нийтийн тээврийн авто аж ахуйн барилга байгууламж, авто вокзал барих асуудлыг 2009 онд багтаан шийдвэрлэх;


в/нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчилж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;


г/цагдаа, гал түймэртэй тэмцэх, түргэн тусламж зэрэг үйлчилгээг саадгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын орон сууцны болон гэр хорооллын доторхи замын хөдөлгөөнийг хаасан хаалт, хашаа, саадыг арилгах арга хэмжээ авах;


д/хайс, хашлага барих замаар тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнийг тусгаарлаж зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;


е/хотын захад ачааны терминал бүхий үйлчилгээний цогцолбор барьж, ачааны автомашиныг өдрийн цагаар Улаанбаатарт орох хөдөлгөөнийг хязгаарлах;


ж/нийслэлийн хүнс, барааны төвлөрсөн захуудын ажиллах цагийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ялгавартай тогтоож замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах арга хэмжээ авах.


4. Замын зорчих хэсэгт тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчин хөдөлгөөнд саад учруулсан тээрийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх зэргээр хөдөлгөөний түгжрэлийг багасгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт нарт даалгасугай.


5. Замын цагдаагийн албаны хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын гудамж, замыг 24 цагийн байнгын хяналтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.


6. Ажилтнуудын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах, үйлдвэрлэлийн материаллаг баазыг бэхжүүлэх, цалин хөлс, урамшууллыг оновчтой тогтоох зэрэг асуудлыг хөдөлмөрийн болон хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.


         Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                             С.БАЯР


         Сангийн сайд                                                                                                                         С.БАЯРЦОГТ


         Зам, тээвэр, барилга, хот


         байгуулалтын сайд                                                                                                                Х.БАТТУЛГА