Хэвлэх DOC Татаж авах
НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 181



Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн насан туршид нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин олгож байхыг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор нарт үүрэг болгосугай.


2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу Н.Энхбаярыг 4 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байлгаж шадар туслах, тогооч, үйлчлэгч тус бүр нэгийг ажиллуулж, орон тооны жолооч бүхий суудлын автомашин, холбооны үйлчилгээгээр хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт үүрэг болгосугай.  


 3. Н.Энхбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан өдрөөс эхлэн Төрийн ордонд ажил-уулзалтын байр гаргаж өгөх арга хэмжээ авч, төрийн ёслолын арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтан /Засгийн газрын гишүүн/-ы зэрэг зиндаагаар оролцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.


4. Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн гишүүдийг Улсын клиникийн нэгдсэн П эмнэлгийн үйлчилгээгээр хангаж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болгосугай.


5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг 


 эрхлэх газрын дарга                                                Б.ДОЛГОР