Хэвлэх DOC Татаж авах
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 348 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 348 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 123



Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 5.1.1, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Эрхлэх ажлынхаа хүрээний хөрөнгө оруулалтын төслийн судалгаа, үр ашгийн тооцоог үнэлж, ач холбогдлоор нь эрэмбэлэн жил бүрийн 2 дугаар сарын 5-ны дотор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:


3. Дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгасугай:


3.1. энэхүү тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 5 жилийн хугацаагаар жил бүр тодотгох зарчмаар боловсруулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хамт 4 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;


3.2. хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, хянах, үнэлэх, эрэмбэлэх, төлөвлөх, сонгон шалгаруулах чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, яам, Засгийн газрын агентлаг, орон нутагт хөрөнгө оруулалтын асуудал хариуцан ажиллаж байгаа ажилтны чадавхийг дээшлүүлэх тодорхой хөтөлбөр боловсруулж, сургалт тогтмол зохион байгуулах.


4. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамрагдах төслийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, гүйцэтгэлийг хангахад шаардагдах мэдээлэл, тайланг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд гаргаж өгч байхыг бүх яам, Засгийн газрын агентлагт даалгаж, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/, Үндэсний аудитын газар /Ч.Раднаа/, Үндэсний статистикийн хороо /С.Мэндсайхан/-нд зөвлөсүгэй. 


                    Монгол Улсын Ерөнхий сайд                                                          С.БАТБОЛД 


                   Монгол Улсын сайд, 


                   Засгийн газрын Хэрэг 


                    эрхлэх газрын дарга                                                                         Ч.ХҮРЭЛБААТАР