A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны З дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35.000 (гучин таван мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140.300 (нэг зуун дөчин мянга гурван зуун) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105.200 (нэг зуун таван мянга хоёр зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. (Энэ зүйлийг 2012-05-02-ны 153-р тогтоолоор 2012-05-01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон)

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дүгээр тогтоолыг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ