Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 153



Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.6, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай./Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


 

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай:


а/ нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоож, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн батлагдсан төсвийн хүрээнд тооцон олгох;


б/ энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан итгэлцүүрийн дагуу тэтгэврийг шинэчлэн тогтооход хэмжээ нь нэмэгдээгүй болон тэтгэврийн нэмэгдсэн хэмжээ нь 23 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 23 хувиар нэмэгдүүлэн тооцож 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох /а, б заалтыг ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 


в/ 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.


3. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180.300 (нэг зуун наян мянга гурван зуун) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 145.200 (нэг зуун дөчин таван мянга хоёр зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


/ЗГ-ын 2014-1-18-ны 15-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Энэ тогтоолыг 2014-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 109 дүгээр тогтоол, “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                    С.БАТБОЛД


Нийгмийн хамгаалал, 


  хөдөлмөрийн сайд                                                                    Т.ГАНДИ