Хэвлэх DOC Татаж авах
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 156



2004-2005 оны мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:


а/мал сүргийг оторлон таргалуулах, аймаг, сумын нөөцөд хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээл бэлтгүүлэн нөөцлөн малыг эрсдэл багатай өвөлжүүлж, хаваржуулах зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;


б/малчин өрх бүрээр өвс, тэжээл, бололцоотой бүх төрлийн гар тэжээл бэлтгүүлэх, хашаа хороо, уст цэгийг засварлах ажилд малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хүчийг чиглүүлэх 2 сарын зохистой ажлыг 8 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулсугай;


в/бэлчээрийн гарц, усан хангамж, газар нутгийн онцлогийг харгалзан мал оторлох бүс нутгийг оновчтой сонгон отрын түр штаб байгуулж, хүн, мал эмнэлэг, хүнс, өргөн хэрэглээний барааны үйлчилгээний цэгийг ажиллуулах, отроор өвөлжүүлэх өрх, малын тоог тогтоосугай;


г/аймаг, сумын удирдлага харилцан гэрээ хийсний үндсэн дээр мал оторлон өвөлжүүлэх, ялангуяа адууг алсын оторт гаргах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;


д/гар худаг гаргах, өтөг бууцыг ариутган халдваргүйжүүлэх, мал тэжээж арчлах, сувилан тэнхрүүлэх арга ажиллагаанд малчдыг сургах арга хэмжээ авч ажилласугай;


е/мал сүргийг эрүүлжүүлэх, заазлаж ялгах болон мах бэлтгэл, бог малын хээлтүүлэг зэрэг цаг үеийн ажлыг зохих хугацаанд нь явуулахад мэргэжлийн байгууллагын дэмжлэг, туслалцааг чиглүүлж ажилласугай


2. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д. Насанжаргалд даалгах нь:


а/малчдын хүчээр гар худаг гаргах, хадлан, тэжээл бэлтгэх болзолт уралдааныг улсын хэмжээнд зарлан дүгнэж урамшуулан амжилтыг нь нийтэд сурталчлах арга хэмжээг авсугай;


б/мал, мах бэлтгүүлж зах зээлд нийлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төв, томоохон хот суурин газрын 2005 оны махны хангамжийг хэвийн байлгах, махны экспортыг нэмэгдүүлэх ажилд бодит дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажилласугай;


в/улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбарын агуулах, саравчны засварын ажилд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Мал хамгаалах нэгдсэн сангаас санхүүжүүлсүгэй;


г/энэхүү тогтоолын биелэлтэд байнга хяналт тавин зохицуулалт хийж, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг нэгтгэн 2004 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулсугай..


3. Түлш, эрчим хүчний хангамж, зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, хугацаанд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.


4. Улсын нөөцийн орон нутаг дахь өвс, тэжээлийн цэг, салбарын агуулах, саравчны засварын ажлыг шуурхай дуусган, нөөцийн өвс, тэжээлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймгийн улсын нөөцийн цэг, салбарт байх өвс, тэжээлийн тоо хэмжээг нэмэгдүүлж, оновчтой байршуулах ажлыг 11 дүгээр сард багтаан зохион байгуулахыг Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга П.Дашид үүрэг болгосугай.


5. Мал өвөлжүүлж, хаваржуулах зохион байгуулалтыг шуурхай авч хэрэгжүүлэх, цагийн байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга П.Даш нарт даалгасугай.


6. Тусгай хамгаалалтын болон хилийн зурвас газарт мал оторлон өвөлжүүлэх асуудлыг судалж зохицуулалт хийхийг Байгаль орчны сайд У. Барсболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж нарт даалгасугай.


7. Хүйтний улирлын цаг агаарын тойм болон цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг сар, арав хоногоор гаргаж малчид, иргэдэд урьдчилан сэрэмжлүүлэх, мэдээ мэдээллээр тогтмол хангаж ажиллахыг Байгаль орчны сайд У. Барсболдод даалгасугай.


8. “Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-иас цахилгаан эрчим хүч авч хэрэглэсэн өрийг 8 дугаар сарын 15-ны дотор барагдуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Баделхан, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Увс аймгийн Засаг дарга Л.Тогоо нарт тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ