Хэвлэх DOC Татаж авах
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2003 оны 8 дугаар сарын 6-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 186



2003-2004 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг графикийн дагуу гүйцэтгүүлэх, дулааны цахилгаан станцыг нүүрсний 1 сар, мазут, түлшний 15 хоногоос доошгүй нөөцтэй байлгах арга хэмжээг 2003 оны 10 дугаар сарын 1-ний дотор авч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.


2. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгах нь:


а/мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө гарган түүнийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулж үр дүнг 10 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт тайлагнасугай;


б/улсын хэмжээнд дотоодын зах зээлд нийлүүлэх мал, мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулан мах экспортлох ажилд бодит дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажилласугай;


в/аймаг дундын отрын нутаг болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2003-2004 онд оруулж өвөлжүүлэх өрх, малын боломжит тоог тогтоон отроор өвөлжүүлэх асуудлыг зохицуулан зохион байгуулсугай;


г/мал угаалгын эм, бэлдмэлийг 8 дугаар сарын 20-ны дотор орон нутагт хүргүүлэн малын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажилласугай.


3. Аймаг, сумдын төвийн дизель станцыг 21-ээс доошгүй хоногийн түлшний нөөцтэй байлгах, одоо үүсээд байгаа шатахууны хомсдолыг арилган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга замыг судлан 2003 оны 10 дугаар сарын 1-ний дотор холбогдох арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


4. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:


а/“Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2003 оны төсөвт тусгагдсан 850.0 /найман зуун тавин/ сая төгрөгийг улс, аймаг, сумын хадлан, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, аймаг дундын отрын нөөц нутгийг сэргээх, тохижуулах арга хэмжээнд зориулан санхүүжүүлсүгэй;


б/энэ оны 7 дугаар сард болсон үерийн улмаас хохирол гарсан зарим сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн засварт шаардлагатай байгаа 45.5 (дөчин таван сая таван зуун мянган) сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсүгэй.


5. Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгах нь:


а/өвлийн улиралд авто зам, замын байгууламжаар тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, авто замын засвар, үйлчилгээ хийхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг судлан зохицуулсугай;


б/өвлийн улиралд эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор баруун З аймаг, Даланзадгад хот, Дорнод аймаг болон дизелийн станцтай аймгуудын цахилгаан эрчим хүчний хангамж, цаашид авах арга хэмжээтэй холбогдсон асуудлаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулсугай.


6. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:


а/аймаг, сумын хэмжээнд зуншлагын түвшин тогтоож, бэлчээрийн даац, багтаамжийг 8 дугаар сард багтаан сум, баг бүрээр тодорхойлсны үндсэн дээр мал сүргийг өвөлжүүлж, хаваржуулах ерөнхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлсүгэй;


б/нэг хонин толгойд хоногт 1 кг өвсөөр тооцож аймаг, сумын хэмжээнд тус бүр нийт малаа 3-аас доошгүй хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх өвс, тэжээлийн нөөцийг 10 дугаар сард багтаан бүрдүүлж, түүний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авсугай;


в/аймаг, сум дундын отрын нөөц нутагт байгаа худаг, уст цэг, хашаа хороог аймгийн төсөв, малчдын хамтын хүч, хөрөнгөөр сэргээн засварлах, шинээр гаргах, шаардлагатай тохиолдолд өөр аймаг, сумын нутагт мал сүргийг оторлон өвөлжүүлэх гэрээ, хэлцлийг тухайн аймаг, сумын удирдлагатай 9 дүгээр сарын 15-ны дотор багтаан хийсүгэй;


г/“Хадлан тэжээл 2001” төслийн хүрээнд аймгуудад олгосон төсвийн зээлийг 2003 оны 8 дугаар сард багтаан “Мал хамгаалах улсын нэгдсэн сан”-д төвлөрүүлсүгэй;


д/2002-2003 оны мал өвөлжилт,хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зарим аймагт хөнгөлөлттэй үнээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлийг биет болон мөнгөн хэлбэрээр 10 дугаар сард багтаан улсын нөөцөд буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авсугай;


е/улсын төсөв болон аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх бэлчээрийн худаг, уст цэгийн засвар, шинэчлэлтийн ажлыг 10 дугаар сарын 1-ний дотор дуусган засварласан худгийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;


ж/мал сүргийн намрын ангилалт, заазлалтыг чанартай хийхийн зэрэгцээ дотоодын болон боловсруулах үйлдвэрүүдийн мах бэлтгэлийн явцад хийх эрүүл ахуй, ариун цэврийн хяналт, шалгалтыг өндөржүүлэн махны нөөцийг нэмэгдүүлэх, зах зээлд борлуулахад нь бодит дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилласугай;


з/мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ялангуяа малын паразиттах өвчний эсрэг хийгдэх угаалга, тарилга, туулгалтыг тогтоосон хугацаанд нь хийх ажлыг зохион байгуулсугай;


и/бэлчээрийн хортон, мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг орон нутагтаа эрчимжүүлж байгаль орчинд халгүй энгийн аргаар устгах арга ажиллагааг өрнүүлж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласугай.


7. Аймаг, сумдын төвийн өвөлжилтийн бэлтгэл хангах, төвлөрсөн уурын зуух, дулааны шугам, эрчим хүчний тоноглолын засвар, үйлчилгээг чанар сайтай хийх, 10 дугаар сарын 1-ний дотор нүүрс, түлшний 1 сарын нөөцтэй байлгах арга хэмжээ авахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.


8. Дизель станцын тоног төхөөрөмжийн их засвар, үйлчилгээг шуурхай хийж гүйцэтгэхийг Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


9. Баруун бүсийн эрчим хүчний системийн борлуулалтын орлогыг бүрэн төвлөрүүлэх, эрчим хүчний тооцоог хугацаанд нь хийх, өр авлагыг шуурхай барагдуулах, 2003-2004 оны өвөл эрчим хүчний хязгаарлалт гаргуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


10. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, энэ ажилд гарч байгаа тэргүүний арга барил, туршлага, санаачилгыг нийтэд тогтмол мэдээлж сурталчилж байхыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод үүрэг болгосугай.


11. Мал өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, хэрэгцээтэй өвс, тэжээлийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж нөөцлөхөд идэвх чармайлт гарган нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг нийт иргэд, малчдад уриалсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ