A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ӨРХ, ХҮН АМЫН ОРЛОГО, ЗАРЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 235

Статистикийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "г"-д заасан өрх, хүн амын орлого, зарлага, хэрэглээний статистик мэдээллийг 2001 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн улирал тутам гаргаж байхыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

2. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:

а/өрх, хүн амын орлого, зарлагын статистик мэдээллийг гаргах аргачлал, хамрах өрхийн норматив, уг мэдээллийг гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэдээлэл хүлээн авах, нэгтгэх, шалган дамжуулах орон тооны бус ажилтан буюу тоологчийн тоог тогтоох асуудлыг судалж Үндэсний статистикийн газартай хамтран баталж ажилласугай;

б/өрх, хүн амын орлого, зарлагын мэдээлэлд хамрагдсан гэрээт өрх бүрт сард 8 цагийн, орон тооны бус ажилтан буюу тоологч нарт сард 50 цагийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг цагт ногдох хэмжээгээр тооцож улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлж байсугай;

в/өрх, хүн амын орлого, зарлагын мэдээллийг гаргахтай холбогдсон төвлөрсөн арга хэмжээний зардлыг Үндэсний статистикийн газрын жил бүрийн төсөвт тусгаж байсугай;

г/өрх, хүн амын орлого, зарлагын мэдээллийг 2001 оны 11, 12 дугаар сард гаргахтай холбогдсон зардалд нэмж шаардагдах 6,0 /зургаан/ сая төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас санхүүжүүлсүгэй.

3. Өрх, хүн амын орлого, зарлагын мэдээллийг улирал, жилээр нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг Үндэсний статистикийн газар /Ч.ДАВААСҮРЭН/-т зөвлөсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдон "Статистикийн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН