A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Өвөлжилтийн байдал хүндрэлтэй байгаа Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Завхан, Ховд аймгийн зам, давааны цас арилгах машин, механизмын шатахууны үнэ болон өвс, тэжээлийг сумдад хүргэх 1 дүгээр хавсралтад заасан зардалд шаардагдах 53.2 сая /тавин гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй

2. Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд даалгах нь:

а/мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдон аймаг, орон нутгаас тавьсан хүсэлтийг үндэслэн малыг сувилж тэнхрүүлэхэд зориулан улсын нөөцөөс 13152.3 /арван гурван сая нэг зуун тавин хоёр мянга гурван зуун/ мянган төгрөгийн эм, биобэлдмэлийг 2 дугаар хавсралт дахь хуваарийн дагуу Баян-Өлгий, Дундговь, Завхан, Өмнөговь, Ховд, Хэнтий аймагт олгож, энэ оны Ш улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авсугай;

б/өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэлтэй байгаа аймгаас өвс, тэжээлийн талаар тавьсан хүсэлтийг нь хянан үзэж хэмжээг тогтоон эргэн төлөгдөх нөхцөл бүхий гэрээний үндсэн дээр улсын нөөцөөс олгож 2005 оны сүүлийн хагас жилд багтаан нэр төрөл, тоо хэмжээгээр нь нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авсугай.

3.Мал өвөлжилт, хаваржилт, төл хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулахтай холбогдуулан нэмэгдэл арга хэмжээний төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай

4. Мал хамгаалах сангийн хөрөнгийг зохих журмын дагуу бүрдүүлж, цаг хүндэрсэн нөхцөлд нөөц бололцоогоо дайчлан шуурхай арга хэмжээ авч, аймаг, орон нутгийн бие даасан ажиллагааг сайжруулж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд У.ХҮРЭЛСҮХ