A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 180

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2007-2008 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, бэлтгэх хадлан, тэжээлийн хэмжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Түлш, эрчим хүчний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж ажиллан бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт тус тус үүрэг болгосугай.

3. Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн 2007-2008 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх үндсэн болон туслах тоноглолын засварыг графикт хугацаанд нь чанартай хийж, нүүрс, мазут нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх ажлыг эрчимжүүлэн 2007 оны 10 дугаар сарын 1-ний дотор 20-иос доошгүй хоногийн нөөцтэй болгох арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

4. "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК, "Багануурын дулааны станц" ХХК, Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх үндсэн болон туслах тоноглолын засварт шаардагдах хөрөнгийн асуудлыг 2007 оны 8 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлэж засвараа хугацаанд нь хийж дуусгахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Сангийн сайд Н.Баяртсайхан, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

5. Цаг агаарын хүндрэлтэй үед авто зам, замын байгууламжийг авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллуулж засвар, арчлалтын ажлыг байгууллага, иргэдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, төв, суурин газрын авто замын арчлалтыг сайжруулан тогтмолжуулах зэрэг арга хэмжээ авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд үүрэг болгосугай.

6. Өвс ногооны гарц болон хадлан авах газрын хүрэлцээ муутай нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад улс, аймаг, сумын хадлангийн нөөц газраас хадлан авах хуваарь гарган ашиглуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

7. Цагийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар санал боловсруулах мэргэжлийн ажлын хэсэг томилон 2007 оны 8 дугаар сарын 15-ны дотор багтаан гангийн зэрэглэл болон түүний хамарч байгаа хүрээг тогтоож Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд С.Отгонбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчны сайд И. Эрдэнэбаатар, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт тус тус үүрэг болгосугай.

8. Мал өвөлжүүлэх, хаваржуулах зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цагийн байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд С.Отгонбаяр нарт даалгасугай.

9. Тусгай хамгаалалтын болон хилийн зурвас газруудад мал оторлон өвөлжүүлэх асуудлыг судалж энэ талаар шаардлагатай зохицуулалтыг энэ оны 11 дүгээр сарын 15-ны дотор багтаан хийхийг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва нарт даалгасугай.

10. Хүйтний улирлын төлөв байдлыг үндэслэн зарим аймагт байгаа улсын нөөцийн цэг, салбар болон аймаг дундын отрын бүс нутагт нэмж өвс, тэжээл худалдан авах, байршуулах арга хэмжээ авч, шаардагдах хөрөнгийн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд С.Отгонбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.

11. Цаг агаарт зориудаар нөлөөлөх замаар гантай байгаа бүс нутагт хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хүйтний улирлын цаг агаарын тойм, цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг сар, долоо хоногоор гаргаж малчид, иргэдийг цаг агаарын хүндрэлийн талаар урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллээр тогтмол хангаж ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт даалгасугай.

12. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгах нь:

а/орон нутагт мал, мах бэлтгүүлж дотоодын зах зээлд нийлүүлэх, Улаанбаатар хот, аймгийн төв, томоохон хот, суурин газрын 2008 оны махны хангамжийг хэвийн байлгах, махны экспортыг нэмэгдүүлэх ажилд бодит дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажилласугай;

б/орон нутагт хадлан, тэжээл бэлтгэх техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хадлан тэжээл бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд "Мал хамгаалах сан"-д хадгалагдаж байгаа 30 ширхэг тракторын хадуурыг олгож, тэдгээрийн тус бүрийн үнэ буюу 44.4 (дөчин дөрвөн сая дөрвөн зуун мянга) сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий өвс, тэжээлийг оронд нь авч говийн бүсийн аймгуудын нөөцийн цэгт байршуулах арга хэмжээ авсугай;

в/малын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах арга хэмжээг эрчимжүүлж, малын угаалгын бэлдмэлийн хангамжийг сайжруулан хяналт тавьж ажилласугай.

13. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/энэ тогтоолын хавсралтаар баталсан 2007 онд бэлтгэх хадлан, тэжээлийн даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулсугай;

б/орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг хангуулах, түлээ нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авах зэрэг ажлыг зохион байгуулж энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор нүүрс, шатахуун, дизелийн түлшний 20-иос доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлж, төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам хоолойн ээлжит засвар үйлчилгээ, угаалга, туршилт, авто зам, харилцаа холбооны шугамын арчлалт, үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах арга хэмжээ авсугай;

в/нийтийн тээврийн хэрэгслийн болон тэдгээрийн гараашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийж, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нь нөөцөлж иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлсүгэй;

г/өвөлжилтийн бэлтгэл ажилд иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагын хүч анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор орон нутагт зохион байгуулах найр, наадмыг хязгаарлах арга хэмжээ авсугай;

д/нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх зураглал гарган холбогдох гэрээ байгуулан отор нүүдлийг зохион байгуулсугай;

е/сум, баг, дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах, үр дүнг тооцох, тухай бүр шаардлагатай арга хэмжээг орон нутгийн нөөц бололцоонд түшиглэн шийдвэрлэх асуудлыг шуурхай зохион байгуулж байсугай;

ж/бололцоотой бүх газраас хадлан, тэжээл бэлтгүүлж аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бий болгон зам, даваа цасанд хаагдахаас өмнө шаардлагатай цэгүүдэд байршуулах арга хэмжээ авсугай;

з/мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлж, хүн, малын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авсугай.

14. Энэхүү тогтоолын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилж, 14 хоног тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Ажлын хэсэг (С.Батболд), Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД Д.ТЭРБИШДАГВА С.БАТБОЛД