Хэвлэх DOC Татаж авах
ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 317



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Малаа оторлож яваа малчдад төрийн үйлчилгээ үзүүлэх, өвс, тэжээл тээвэрлэж малчдад хүргэхэд зориулан аймгуудад олгох хөрөнгийг хавсралтын ёсоор баталж, түүнд шаардагдах 210.0 (хоёр зуун арван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.


2. Мал өвөлжилт, хаваржилтын байдалд хяналт тавьж, бодлого, зохицуулалтын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Улсын нөөцийн цэг, салбарт удаан хугацаагаар хадгалагдсан өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчдад олгох асуудлыг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.


4. Отрын бүс нутагт малаа оторлож яваа малчид, иргэдийн нийгмийн үйлчилгээ болон малын эрүүл мэнд, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгох зорилгоор Говь-Алтай аймгийн Аргалантын аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргаанд УАЗ-396292 маркийн автомашин нэгийг улсын нөөцөөс олгож, нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.


5. Малаа оторлож яваа малчид, тэдний гэр бүлд хүн эмнэлэг, сургууль, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, хүнс, өргөн хэрэглээний бараагаар тасралтгүй хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.


6. Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын ажиллагааны байдалтай танилцаж дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллага, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг яаралтай томилон ажиллуулж, тус станцын хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэбатад даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                             С.БАЯР


Сангийн сайд                                                                                                                                        Ч.УЛААН


Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                                                                                 Ц.ГАНХУЯГ