A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 356

Улаанбаатар хот

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын тархалт буурсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс гамшгаас хамгаалах өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

2. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэвээр мөрдөж халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах, хүн амыг томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын эсрэг вакцинаар хангах, дархлаажуулалтын арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын тархалтын байдлыг 7 хоног тутам Засгийн газрын ажлын хэсэгт мэдээлж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

3. Вирусийн халдварын тархалт бүрэн зогсоогүй байгаатай холбогдуулан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд халдварын тархалтын байдалд хяналт тавьж холбогдох арга хэмжээг шуурхай авч, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлийн түвшинд эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгасугай.

4. Томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдвартай тэмцэх талаар мэргэжлийн байгууллагуудаас авах арга хэмжээг уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч М.Энхболдод даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, авсан зарим арга хэмжээг өөрчлөх тухай" Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 343 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД