Хэвлэх DOC Татаж авах
ӨМНӨГОВЬ АЙМАГТ БҮСИЙН ОНОШИЛГОО,ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ БҮСИЙН ОНОШИЛГОО,ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ


2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 156



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.10 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, материаллаг баазад тулгуурлан байгуулсугай.


2. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгыг засварлах, өргөтгөх, тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах хөрөнгө болон эмч ажилчдын цалин, тусламж үйлчилгээний зардлын зөрүүг тооцож Монгол Улсын 2012 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.


3. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тооцон, эмч, сувилагч, мэргэжилтнээр хангах, тэдгээрийг давтан сургах, мэргэшүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт үүрэг болгосугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2001 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйлчлэх хүрээний аймаг, сум”-ын жагсаалтын 2 дахь заалтын “Дундговь, Өмнөговь” гэсэн хэсгийг хассугай. 


             Монгол Улсын Ерөнхий сайд                                      С.БАТБОЛД 


            Эрүүл мэндийн сайд                                                     С.ЛАМБАА