Хэвлэх DOC Татаж авах
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ


2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 139



Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, “Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Байгууллага нь татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсаны улмаас бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж төрийн албанаас чөлөөлөгдсөн нь тухайн төсөвт байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нотлогдож байгаа төрийн албан хаагчийн гэр бүлээс их, дээд, мэргэжлийн сургуульд 2003 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар суралцаж байсан нэг хүүхдийн сургалтын төлбөрийг тухайн хүүхдийг уг сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд төрийн сургалтын сангаас санхүүжүүлж байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай..


2. Бүтцийн өөрчлөлтийн улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний 2003 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар их, дээд, мэргэжлийн сургуульд суралцаж байсан хүүхдийн тоог холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэр, шаардлагатай бусад баримт бичигт тулгуурлан нарийвчлан тогтоож баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийг төрийн сургалтын сангаас олгож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.


3. Төрийн албаны бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнтэй хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих тэтгэлэг, тэтгэмж олгох; одоо сурч байгаа нэг хүүхдийнх нь сургалтын зардлыг сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд төр хариуцах болон эдгээр арга хэмжээнд хамрагдсан тохиолдолд эргэж төрийн албанд орохгүй байх талаар гэрээ байгуулж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч (ерөнхий менежер, тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд) нарт даалгаж, Төрийн албаны зөвлөл (Ж.НОРОВСАМБУУ)-д зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД