Хэвлэх DOC Татаж авах
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ,БОРЛУУЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТЫГ ХҮЧТЭЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ,БОРЛУУЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТЫГ ХҮЧТЭЙ БОЛГОХ ТУХАЙ


2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 7



Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Онцгой албан татварын тухай болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Архи, спирт, согтууруулах ундааны үйлдвэрүүдийг 2004 оны I улиралд багтаан аттестатчилж, хууль тогтоомжид заасан шаардлагад тэнцээгүй үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай


2. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар нарт даалгах нь:


а/согтууруулах ундааны үйлдвэрүүдийн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний баталгаажилт, технологийн бүртгэл хөтлөлт, лабораторийн үйл ажиллагаанд тавих хяналтыг эрс сайжруулах, архи, спиртийн үйлдвэрүүдийн технологийн зааврыг түүхий эдийн онцлогоос хамааруулан 2004 оны 1 дүгээр сард багтаан хянаж шинэчлэн батлуулж мөрдүүлсүгэй;


б/төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын албадын болон хүнсний үйлдвэрүүдийн лабораториудад шаардагдах урвалж бодис, багаж хэрэгсэл нийлүүлэх арга хэмжээ авсугай;


в/спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн туршилтын хугацаанд үйлдвэрлэсэн спиртийн хэмжээ, чанар, ашиглалт, устгалтад нь хяналт тавин илэрсэн зөрчлийг тухай бүр арилгах арга хэмжээ авч ажилласугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН