Хэвлэх DOC Татаж авах
СУМДЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧДААР ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СУМДЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧДААР ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2002 оны 2 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 32



Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нарын бүсчилсэн сургалт-семинар дээр гарсан саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга нарт даалгах нь:


а/сумдад ажиллах төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэх зорилгоор 2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн Удирдлагын академид төрийн захиргааны удирдлагын дипломын зэрэг олгох сургалт зохион байгуулахаар тогтож, тусгай журмын дагуу авсан элсэлтийн шалгалтад тэнцэж сумын Засаг даргын Тамгын газартайгаа гэрээ байгуулсан элсэгчдийг уг сургалтад хамруулан суралцуулж байсугай;


б/төрийн захиргааны удирдлагын дипломын боловсрол эзэмшээд суманд үр бүтээлтэй ажилласан, цаашид сумандаа тогтвор суурьшилтай ажиллах, өсөх ирээдүйтэй төгсөгчдийг тусгай журмын дагуу сонгож сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний үндсэн дээр тэднийг бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтад хамруулах замаар сумдын удирдлагын чадавхийг тасралтгүй дээшлүүлэн ажилласугай.


2. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:


а/сум бүрээс 2 хүнд төрийн захиргааны удирдлагын мэргэжил олгох 2002 оны сургалт, дадлагын болон дотуур байрны зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж цаашид энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан элсэгчдийн дээрх зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байхыг үүрэг болгосугай;


б/Удирдлагын академид төрийн захиргааны удирдлагын дипломын зэрэг олгох сургалт зохион байгуулахтай холбогдуулан 336 оюутны дотуур байрыг барьж ашиглалтад оруулах болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зардлыг 2003 оны төсөвт тусган санхүүжүүлсүгэй.


3.Удирдлагын академид төрийн захиргааны удирдлагын дипломын, бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтад сумаас ирж суралцаж байгаа оюутны Улаанбаатарт ирэх, буцах тээврийн зардлыг жил бүр захиалагч байгууллагын төсвөөс санхүүжүүлж байхыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


4. Төрийн захиргааны удирдлагын дипломын зэрэг олгох сургалтыг эчнээ хэлбэрээр зохион байгуулах, Удирдлагын академийн бүсийн салбар төв ажиллуулах, эдгээр арга хэмжээг гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боломжийг судлан шийдвэрлэх талаар ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, Удирдлагын академийн захирал Ш.Түдэв нарт даалгасугай.


5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын академи болгох, түүний дүрмийг батлах тухай” Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 197 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 7 дугаар заалтад дор дурдсан нэмэлт оруулсугай:


“е/ Төрийн захиргааны удирдлагын дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалт”.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД