Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 10 сарын 23 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

  МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн  зорилт,  зохицуулах харилцаа

1.1.Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар  оршин тогтнохуйн  эрх зүйн үндэс, Монгол Улсын Их Хурлын онцгой чухал үүрэг мөн бөгөөд энэ хүрээнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл  ажиллагааны зарчим, журмыг энэ хуулиар тодорхойлж зохицуулна.

1.2.Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ.

1.3.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хязгаар

2.1.Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/-ийн бүлэг, зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэгт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуулийн нэмэлт гэх бөгөөд тэр нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн  байна.

2.2.Үндсэн хуулийн зохих бүлэгт шинээр зүйл нэмснээр түүний дараахь зүйлийн дугаарыг өөрчлөхгүй бөгөөд нэмсэн зүйл, хэсэг, заалтын дугаарыг тэмдэглэхдээ баруун дээд өнцөгт нь  араб тоогоор дугаарлана.  /Хорин тав1дүгээр зүйл г.м/.

2.3.Үндсэн хуулийн зохих бүлэг, зүйл, хэсэгт  байгаа заалтын нэр томъёог тодруулах, найруулгыг сайжруулахаар оруулж байгаа  заалтыг  Үндсэн хуулийн өөрчлөлт гэх бөгөөд тэрхүү өөрчлөлт нь  энэ хуулийн 2.1-д  заасан шаардлагыг хангасан байна.

2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.

Хэвлэх

3 дугаар зүйл.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох нөхцөл

3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

3.2.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх / ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

3.3.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн бол түүнийг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалт болон мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт  зааснаар онц болон дайны байдал тогтоосныг цуцалтал түдгэлзүүлэн зогсооно.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь  нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“хууль санаачлагч” гэж Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрыг;

4.1.2.“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл“ гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг.

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

5 дугаар зүйл.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим

5.1.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд дараахь үндсэн зарчмыг баримтална:

5.1.1.Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах;

5.1.2.ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах;

5.1.3.бодитой, ил тод байх.

5.2.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.1-д заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

5.2.1.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /цаашид “төсөл” гэх/ нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд   харшлахгүй байх;

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.2.Үндсэн хуулийн Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр зүйл, Тавдугаар зүйлийн 1-3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөв, Арван тав, Арван ес, Хорьдугаар зүйл, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран найм, Жаран есдүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.2.3.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл  ажиллагааны журам нь Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд бүрнээ нийцсэн байх;

5.2.4.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна.

5.3.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.2-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

5.3.1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах;

5.3.2.иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог  олгох.

5.3.3.Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах;

/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.3.4.Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах.

/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

5.4.1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй;

5.4.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй;

5.4.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулсан, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчмыг үгүйсгэсэн байж болохгүй;

5.4.4.төслийн бүрэн эх болон түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байх;

5.4.5.төслийн талаархи иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг Улсын Их Хурлын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх;

5.4.6.төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх;

5.4.7.төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоох.

Хэвлэх

6 дугаар зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Улсын Их Хурал хууль санаачлагчийн  өргөн мэдүүлсэн төсөлгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болохгүй.

Хэвлэх

7 дугаар зүйл.Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд энэ хуулийн 5.2.2-т  зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно:

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.1.Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх;

7.1.2.Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон үлдсэн бүрэн эрхийн хугацааг сунгах, бусад байдлаар өөрчлөх;

7.1.3.Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг сулруулах, өөрчлөх.

7.2.Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа үедээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болохгүй.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

8 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 5.2.2-т  зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно:

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах;

8.1.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах;

8.1.3.гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах.

8.2.Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 8.1-д заасан төслийг Улсын Их Хурлын бусад гишүүнтэй хамтран санаачилж болно.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Засгийн газар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.Засгийн газар нь энэ хуулийн 5.2.2-т  зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно:

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.1.Улсын Их Хурал,Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, өөрчлөх;

9.1.2.шүүх эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх;

9.1.3.Засгийн газрын гишүүний эрх хэмжээг нэмэгдүүлэх.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн  байна.

Хэвлэх

10 дугаар зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тавих шаардлага

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:

10.1.1.Үндсэн хуулийн зохих зүйл болон энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчимд бүрэн нийцэж байгааг буюу харшлаагүйг нотолсон тайлбар хавсаргасан байх;

10.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй тухай болон хэрэв Монгол Улсын олон улсын гэрээтэй зөрчилдөхөөр байвал түүнээс гарах арга замыг тус тус тодорхойлсон  байх;

10.1.3.төслийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын санал авсан байх;

10.1.4.үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санал авсан байх;

10.1.5.шүүх эрх мэдэлтэй холбогдсон асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн, хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын санал авсан байх;

10.1.6.мөнгө, зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байх.

10.2.Энэ хуулийн 10.1.3-10.1.6-д заасан байгууллага, албан тушаалтан төслийн талаар саналаа 30 хоногт багтаан хууль санаачлагчид хүргүүлэх ба шаардлагатай бол хууль санаачлагчтай тохиролцон энэ хугацааг хойшлуулж болно.

10.3.Энэ хуулийн 10.1.3-10.1.6-д заасан байгууллага, албан тушаалтан мөн хуулийн  10.2-т заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ

/Энэ бүлгийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11 дүгээр зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.Хууль санаачлагч энэ хуульд заасан зарчим, журмын дагуу боловруулсан төслөө Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Улсын Их Хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

11.3.Төслийг чуулганаар хэлэлцэхэд дараахь зарчмыг баримтална:

11.3.1.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/  гишүүний дөрөвний гурав  /57/ -аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ;

11.3.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд биеэр оролцож, саналаа өгнө. Бусдыг төлөөлж санал өгөхийг хориглоно;

11.3.3.төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.  Нэг  болон хоёр дахь хэлэлцүүлгээр  төслийг  эцэслэн батлахыг хориглоно;

11.3.4.чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно;

11.3.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж байдал, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсхүл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураахыг хуралдаанд оролцсон  гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;

11.3.6.хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр  асуудал хэлэлцэхгүй.

11.4.Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох,  төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана. Энэ нь тасралтгүй ажиллагаанд хамаарна.

11.5.Энэ хуулийн 11.3.6 дахь заалт нь хэлэлцүүлгийн үе шат хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн /хэм хэмжээний бус/ шинжтэй хойшлуулшгүй, түүнчлэн хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

12 дугаар зүйл.Нэг дэх  хэлэлцүүлэг явуулах журам

12.1.Улсын Их Хурлын чуулган төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дор дурдсан дэс дараалал, журмыг баримтална:

12.1.1.хууль санаачлагчийн илтгэлийг сонсох;

12.1.2.илтгэлтэй холбогдуулж асуулт, хариулт явуулах;

12.1.3.Байнгын хорооны санал, дүгнэлт сонсох;

12.1.4.нам, эвслийн бүлэг төслийн үзэл баримтлалын талаар намынхаа бодлого, байр суурийг илэрхийлж болно;

12.1.5.өөрөө хүсэлт тавьсан бол Ерөнхийлөгч үг хэлэх;

12.1.6.Үндсэн хуулийн цэц санал ирүүлсэн бол түүнийг сонсох;

12.1.7.Засгийн газрын саналыг сонсох;

12.1.8.Улсын Их Хурлын гишүүн үг хэлж,  санал гаргах;

12.1.9.Улсын Их Хурлын дарга иргэд, олон нийтийн зүгээс ирүүлсэн шүүмж, мэдээллийг чуулганы  нэгдсэн хуралдаанд сонсгож болно;

12.1.10.төслийг цаашид хэлэлцэх эсэх талаар “зөвшөөрнө”, “татгалзана” гэсэн томъёоллоор санал хураах.

 12.2.Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх  Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх  журам

13.1.Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн зохицуулна.

13.2.Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд  өгнө.

13.3.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж  болно. Байнгын хороо болон түүний гишүүн, мөн нам, эвслийн бүлэг нь энэ хуулийн 11.3.4-т заасан саналын түвшинд харгалзсанаас бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын томъёоллыг санал, дүгнэлтдээ оруулж болохгүй.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.4.Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлтдээ дараахь зүйлийг тусгана:

13.4.1.төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи мэдээлэл;

13.4.2.төсөлд Байнгын хороод, нам, эвслийн  бүлгээс өгсөн санал, дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал;

13.4.3.энэ хуулийн 13.4.2-т заасан зарчмын зөрүүтэй саналаас төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн бол түүний үндэслэл, шалтгаан;

13.4.4.төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах тухай Байнгын хорооны санал хураалтын дүн.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хоёр дахь хэлэлцүүлэг явуулах журам

14.1.Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлтийг эхлээд сонсгоно.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан санал,  дүгнэлтийг сонсгосны дараа Улсын Их Хурлын гишүүд зөвхөн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авч болно.

14.3.Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс төсөлд оруулахаар  гаргасан зарчмын зөрүүтэй саналыг тусад нь хэлэлцүүлэхгүй, харин хоёр дахь хэлэлцүүлэгт оруулсан  төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр нь дэс дараалан санал хураалт явуулахдаа хамтатган хэлэлцэнэ.

14.4.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураана.

14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу санал хураалт явуулж дууссаны дараа  төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг баталж, төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж,  энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.

Хэвлэх

15 дугаар зүйл.Гурав дахь хэлэлцүүлэг явуулах журам

15.1.Төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал,  дүгнэлтийг эхлээд сонсгоно. 

15.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246.2-т заасан үндэслэлээр гаргасан саналын томъёоллыг уншиж, томъёолол тус бүрээр санал хураана.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан санал хураалтын дүнтэй санал нийлээгүй Улсын Их Хурлын гишүүн нэг удаа үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж санал хураалгах эрхтэй. Хэрэв уг санал дэмжигдвэл тухайн зүйл, хэсэг, заалтын найруулгыг сонсож, дахин санал хураана. Улсын Их Хурлын гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргаж болохгүй.

15.4.Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан санал хураалт дууссаны дараа төслийг бүхэлд нь уншиж сонсгон Улсын Их Хурлын дарга зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.5.Энэ хуулийн 15.4-д заасны дагуу санал хураахад Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан зүйл, хэсэг, заалтыг батлагдсанд тооцно.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.6.Энэ хуулийн 15.5-д заасан хувь хэмжээний санал аваагүй зүйл, хэсэг, заалтыг төслөөс хассанд тооцож, энэ тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.7.Улсын Их Хурлын дарга төслийг уншиж дууссаны дараа төслийг бүхэлд нь батлах саналыг хураана.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.8.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

16 дугаар зүйл.Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эхийг нийтлэх

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.3.Ерөнхийлөгч энэ хуулийн 16.1-д заасны дагуу биечлэн хүргэж танилцуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор “... оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч ... ” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.4.Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно.

/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
АРД НИЙТИЙН САНАЛ  АСУУЛГААР ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ

17 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам

17.1.Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана.

17.2.Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ.

17.3.Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж  шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах  эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.

17.4.Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т зааснаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн бол ард нийтийн санал асуулгад оруулах эхийг зөвшөөрөх, эсхүл татгалзахаас өөр асуудлаар ард нийтийн санал асуулга хамтатган явуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

17.5.Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах болсон шалтгаан, зорилго, санал асуулга эхлэх, дуусах он, сар, өдөр, уг ажлыг зохион байгуулах журмыг тодорхойлно.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.6.Ард нийтийн санал асуулгад оруулж байгаа төслийг санал асуулга явуулах өдрийг зарлан тунхагласнаас хойш ажлын гурван  өдрийн дотор албан ёсоор нийтэлнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.7.Төслийг зөвшөөрөх, эсхүл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.8.Ард нийтийн санал асуулгад санал хураах өдөр 18 насанд хүрсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд нийтээрээ, тэгш, шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах журмаар оролцох бөгөөд уг ажлыг Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцүүлэн явуулж болно. Хэрэв өөр цаг үед явуулж байгаа бол Улсын Их Хурлын өмнөх сонгуулийн үед гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтын үндсэн дээр түүнийг шинэчлэн баталгаажуулж, зохион байгуулна.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.9.Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг эхийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцно.

/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.10.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан эхийг албажуулах, нийтлэх, хүчин төгөлдөр болсонд тооцох асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо  зохион байгуулна.

/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.11.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан эхэд Улсын Их Хурал ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг  хориглоно.

/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.12.Ард нийтийн санал асуулгад  иргэдийн олонхи нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал хураалтад оролцогчдын олонхи нь “татгалзана” гэсэн санал өгсөн бол уг эхийг батлагдаагүйд тооцно. Санал  асуулгыг хүчингүйд тооцсон, хуулийг батлахаас ийнхүү татгалзсан бол санал асуулгын дүн гарсан  өдрөөс хойш Улсын Их Хурал найман жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй.

/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.13.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нутаг дэвсгэрийн хороо, хэсгийн хэмжээнд дахин санал авах, санал асуулгыг улсын хэмжээнд дахин явуулах ажлыг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг баримтлан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ