Хэвлэх DOC Татаж авах
СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 222



Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.1, 16.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг 1 дүгээр, “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.


2. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгах нь:


2.1. бусад орнуудтай байгуулах холбогдох гэрээ, хэлэлцээрт тохирлын үнэлгээний үр дүнг хэрэглэх, харилцан хүлээн зөвшөөрөх талаар тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээг 2004 онд багтаан зохион байгуулсугай;


2.2. экспортлогч орны холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсад импортлох бараа, бүтээгдэхүүний тохирлыг тухайн орны нутаг дэвсгэрт баталгаажуулах асуудлыг судалж шийдвэрлэж байсугай;


2.3. стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний баримт бичгийг төвлөрүүлэн хадгалах улсын нэгдсэн сан, мэдээллийн сүлжээг бий болгох ажлыг холбогдох яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлсүгэй;


2.4. бүтээгдэхүүний сорилтын лабораторийн техникийн түвшинг дээшлүүлэх, тохирлын үнэлгээний салбарт ажиллагсдын чадавхийг сайжруулах, техник хэрэгслээр хангах чиглэлээр төсөл боловсруулан олон улсын болон гадаад орны холбогдох байгууллагуудад санал болгож, ээлж дараатай шийдвэрлүүлж байсугай;


2.5. аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлэхгүй байх, сорилтын лабораториудын бие даасан, хараат бус байдлыг хангах, баталгаажуулалтыг “нэг цэг”-ийн үйлчилгээний зарчимд нийцүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчид байгаа лабораториудын тогтолцоог боловсронгуй болгох талаар холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран санал боловсруулж, 2004 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлсүгэй.


3. Мөрдөж байгаа хүн, малын эмийн улсын стандартыг үндэслэн эмийн үндэсний фармакопей бий болгох ажлыг зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.


4. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:


4.1. энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд бүрэн хамруулж, дүнг Стандартчилал, хэмжил зүйн төвд улирал бүр мэдээлж байх арга хэмжээ авсугай;


4.2. орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн төвийг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж, тэдгээрийг сургалтад хамруулж байсугай.


5. Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга Ж.Хүрэлсүхэд даалгах нь:


5.1. худалдааг хөнгөвчлөх зорилгоор бүтээгдэхүүнийг импортлохоос өмнө тохирлын баталгаанд хамруулах чиглэлээр тохирлын үнэлгээний үр дүнг хэрэглэх, харилцан хүлээн зөвшөөрөх талаар худалдааны түнш орнуудын холбогдох байгууллагуудтай шаардлагатай гэрээ, хэлэлцээрийг зохих журмын дагуу байгуулах арга хэмжээ авсугай;


5.2. стандартын мэдээлэл, лавлагааны төвд хадгалагдаж байгаа хүн, малын эмийн түүхий эд, жор орц, тэдгээрийн шинжилгээний аргын стандартыг энэ онд багтаан холбогдох эмийн салбар зөвлөлд шилжүүлсүгэй;


5.3. мөрдөж байгаа үндэсний стандартуудын шинжлэх ухаан-техник, хууль зүйн түвшинд холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран үзлэг явуулж, 2004 онд багтаан стандартын статусыг тодорхой болгосугай;


5.4. нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон заавал мөрдөх үндэсний стандартын жагсаалтыг хэвлэн, нийтэд мэдээлж байсугай.


6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоол, “Чанарын баталгаажуулалтыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2001 оны З дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ