Хэвлэх DOC Татаж авах
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1994 оны 5 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 94



Монгол Улсын Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол банктай зөвшөөрөлцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн шаардлагатай нийцүүлэн олон улсын нийтлэг статистик үзүүлэлт, аргач лалд шилжих хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталж, түүнд тусгагдсан асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яам, газруудад, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан, Статистикийн газрын дарга Б.Цэнд-аюуш нарт даалгасугай.


2.Олон улсын нийтлэг үзүүлэлт, аргачлалд шилжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Статистикийн газрын жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.


3.Нутаг дэвсгэрийнхээ удирдлагын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор статистикийн төв, орон нутгийн байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр статистикийн холбогдох мэдээллийг бие даан гаргуулан авч байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт зөвшөөрсүгэй.


4.Статистикийн төвлөрсөн болон төвлөрсөн бус мэдээллийн давхардлыг арилгах, мэдээллийн давтамжийг оновчтой болгох, бүртгэл, статистикийн талаар гаргасан шийдвэрүүдээ хянаж, Статистикийн тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Статистикийн төв газар, холбогдох сайд,тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.


5.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд статистикийн хэлтэс байхаар тогтоосугай. /ЗГ-ын 1994-128-р  тогтоолоор зарим хэсэг хүчингүй болсныг хассан/


6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 70 дугаар тогтоол, "Статистикийн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5 дугаар зүйл, "Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25ны өдрийн 64 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалтын "...(статистикийн тасагтай)" гэсэн хэсэг, "Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалтын "...(статистик мэдээллийн тасагтай)..." гэсэн хэсэг,"Дархан, Эрдэнэт, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 144 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "а" заалтын хоёр дахь хэсгийн "...(статистикийн тасагтай)" гэсэн хэсэг, мөн зүйлийн "б" заалтын хоёр дахь хэсгийн "...(статистикийн тасагтай)" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН