Хэвлэх DOC Татаж авах
ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН АЖЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН АЖЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ


2002 оны 2 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 22



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн хүрээнд тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, урлаг, спортын арга хэмжээнд оролцох үүсгэл санаачилгыг дэмжих, туслалцаа үзүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй ажил зохион байгуулсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхи санаачилга тодорхой үр дүнд хүрснийг сайшаан тэмдэглэж, цаашид ажлын эхлэл, ололтоо эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


2. Тахир дутуу иргэдийн амьдрах орчин, ажлын байрны зохистой нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байраар хангах замаар тэднийг нийгмийн амьдралд татан оролцуулах, төрийн зарим чиг үүргийг тахир дутуу иргэдийн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх зэргээр үйл ажиллагаанд нь бодитой дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.


3. Хөдөө орон нутгаас тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвд суралцагчдын дотуур байрны зардлыг тус төвийн жилийн төсөвт тусган өгч байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт үүрэг болгосугай.


4. Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийг Олон улсын сэргээн засалтын холбоонд гишүүнээр элсэхийг дэмжиж, гишүүний татварыг нь төсвөөс төлж байсугай.


5. Нийслэлд тахир дутуу иргэдийн сэргээн засалтын иж бүрэн цогцолбор, 5 аймагт түүний салбар байгуулах асуудлыг Япон Улсын Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.


6. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2003 оноос эхлэн тус үйлдвэрийн цахилгаан, дулаан, уур ус, холбоо, захиргааны ажилтны зардлыг Нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэх, тэнд хараагүй иргэдийн зэрэгцээ тахир дутуу болон бусад хүмүүсийг ажиллуулах зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд нарт үүрэг болгосугай.


7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Олон улсын байгууллагуудын татвар хандивын тухай” Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “50. Олон улсын сэргээн засалтын холбоо” гэж нэмсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР