A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ЭВСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 226

"Терроризмын эсрэг олон улсын эвсэл байгуулахыг дэмжих тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. АНУ, бусад улс орон, тэдгээрийн болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай алан хядагчдын санхүүжилтийн эх үүсвэрийг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлон илэрхийлж үйл ажиллагаагаа Монгол банктай уялдуулан зохицуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын Конвенцид нэгдэн орох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай.

3. Терроризмын эсрэг дэлхийн улс түмэн хүч чармайлтаа нэгтгэхийг уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолыг хэрэгжүүлэх талаар тодорхой ажил зохиож НҮБ-д эргэж мэдээлэхийг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

4. Террористуудын талаар болон тэдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр болсон хар тамхи, мөнгө угаах үйл ажиллагааны талаар эвсэлд орсон улс орны холбогдох албадтай хуулийн хүрээнд мэдээлэл солилцох, хамтран ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Тагнуулын ерөнхий газар /М.БАТСАЙХАН/-т тус тус үүрэг болгосугай.

5. Хоёр болон олон талын уулзалт, олон улсын хурал, зөвлөлгөөнд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжид терроризмтай тэмцэх талаархи Монгол Улсын төр, засгийн байр суурийг тодорхой илэрхийлэх асуудлыг тусгаж өгч байхыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай.

6. Эвсэлд орсон улс орнуудын зүгээс терроризмтай тэмцэх асуудлаар Монгол Улсаас тодорхой дэмжлэг туслалцааны талаар хүсэлт гаргавал түүнийг судлан даруй шийдвэрлэх арга хэмжээ авч байхыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН