A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 181

Монгол Улсын "Шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр","Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн холбоог сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд их сургуулийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Техникийн их сургуулийг 2001 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болгон өргөтгөн зохион байгуулахыг зүйтэй гэж үзсүгэй.

2. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний зарим лабораторийг орчин үеийн багаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглоход шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын техникийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт зөвшөөрсүгэй.

3. "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-т тусгагдсан, төсөл сонгон шалгаруулахад хамрагдаж шалгарсан салбар дундын ашиглалт бүхий шинээр буй болгох жижиг, дунд үйлдвэр болон зарим лабораторийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг түшиглүүлэн байгуулах ажлыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нартай зөвшилцөж тохиролцсоны үндсэн дээр зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД