A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТООЛЛОГЫН ТОВЫГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 224

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, орон нутгийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдөр явуулж өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байхаар тогтоосугай.

2. Мал тооллоготой холбогдон гарах зардлыг Үндэсний статистикийн газар болон бүх шатны Засаг даргын Тамгын газрын жил бүрийн төсөвт тооцон тусгаж санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мал тооллого явуулах товыг тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН