A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монголын ард түмэнд үйлчлэх олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулж, түүний зорилго, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын үндсийг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Олон нийтийн радио, телевизийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевиз, түүний зорилго

Хэвлэх

3.1.Олон нийтийн радио, телевиз энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн.

3.2.Олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.

3.3.Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ.

3.4.Олон нийтийн радио, телевизийг зөвхөн хуулиар өөрчлөн байгуулж /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах/, үйл ажиллагааны зорилго, зарчмыг өөрчилж болно.

4 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

4.1.Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална.

4.2.Олон нийтийн радио, телевиз дараахь үйл ажиллагаа явуулна:

4.2.1.үндэсний хэмжээнд радиогийн өргөн нэвтрүүлэг;

4.2.2.үндэсний хэмжээнд телевизийн өргөн нэвтрүүлэг;

4.2.3.гадаад хэлээр явуулах радио, телевизийн нэвтрүүлэг.

5 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакцийн хараат бус байдлыг хангах

Хэвлэх

5.1.Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

5.2.Олон нийтийн радио, телевиз нь онц болон дайны байдал зарлагдсанаас бусад үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас ард түмэнд хандаж хэлэх үгийг дамжуулах эрхтэй.

6 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны ил тод байдал

Хэвлэх

6.1.Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана:

6.1.1.олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;

6.1.2.санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт;

6.1.3.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;

6.1.4.ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаархи санал;

6.1.5.сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал.

6.2.Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа ил тод байлгах, олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулах, сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийг төрөөс дэмжих

Хэвлэх

7.1.Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа явуулахад нь төрөөс санхүү, эдийн засгийн зохих дэмжлэг үзүүлнэ.

7.2.Өргөн нэвтрүүлгээ улс орны хэмжээнд дамжуулах радио, телевизийн үндсэн сувгийг олон нийтийн радио, телевизэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна. Нэмэлт сувгийг Радио долгионы тухай хуулийн дагуу төлбөртэйгээр ашиглуулж болох бөгөөд уг сувгийг энэ хуулийн 3.2, 3.3, 8, 9 дүгээр зүйлд заасан зорилго, бодлого, шаардлагад нийцүүлэн ашиглана.

/Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3.Олон нийтийн радио, телевиз нэвтрүүлгээ газрын сүлжээ, хиймэл дагуул, кабель, интернэт болон бусад техник хэрэгсэл ашиглан дамжуулах эрхтэй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨР, ЗАР СУРТАЛЧИЛГАА

8 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлого

Хэвлэх

8.1.Олон нийтийн радио, телевиз улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж нийтийн хүртээл болгоно.

8.2.Олон нийтийн радио, телевиз хөтөлбөрөө бэлтгэж түгээхдээ дараахь бодлого баримтална:

8.2.1.ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх;

8.2.2.улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэж, тэдгээрийг тэгш илэрхийлэх;

8.2.3.үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих;

8.2.4.энх тайвныг сахин хамгаалахыг тууштай дэмжих, улс орнуудын хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх;

8.2.5.соёл, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц уран бүтээлийн бүх хэлбэрийг дэлгэрүүлэн хөгжүүлэх;

8.2.6.хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүүхэд, залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжилд онцгой анхаарах;

8.2.7.үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэг, давхаргын болон олон нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хангахыг эрмэлзэх.

8.3.Олон нийтийн радио, телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно.

8.4.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлого энэ хуульд нийцэж байгаа эсэхэд олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хяналт тавина.

8.5.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн талаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл байгуулж болох бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүнд сэтгүүл зүй, улс төр, эрх зүй, хэрэглэгчдийн эрх ашиг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг, шашин, байгаль орчин, спорт зэрэг чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг оруулна.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.6.Энэ хуулийн 8.5-д заасан орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг Олон нийтийн радио, телевизийн дүрэмд тусгана.

9 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт тавигдах тусгай шаардлага

Хэвлэх

9.1.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр нь үнэн бодит мэдээлэл агуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, нэг талыг баримтлаагүй, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталсан, шуурхай байна.

9.2.Олон нийтийн радио, телевизийн тухайн өдрийн хөтөлбөрт мэдээ, мэдээллийн болон сонсогч, үзэгчдийн танин мэдэхүйн хэрэгцээг хангахад чиглэгдсэн нэвтрүүлэг зохистой харьцаагаар тусгагдсан байна.

9.3.Олон нийтийн радио, телевизээр аливаа нийтлэл, нэвтрүүлгийг түгээхийн өмнө түүний агуулга, үүсэл, үнэн бодит байдлыг тухайн нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакци шалгах ёстой бөгөөд тухайн мэдээ, мэдээлэл хуурамч болох нь илт мэдэгдэж байгаа, хуурамч гэдгийг мэдсэн, хуурамч гэж тооцох бодитой үндэслэл байгаа гэж үзвэл түүнийг түгээхгүй.

9.4.Олон нийтийн радио, телевиз хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгийг дамжуулж байгаа бол эх сурвалжийг заавал дурдана.

9.5.Хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын бие махбодь, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулга бүхий нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киноны дамжуулах цагийг зохицуулах, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоож болно.

9.6.Олон нийтийн радио, телевизийн мэдээллийн болон сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нь дохионы хэлний орчуулгатай гарах ба урсгал мэдээлэл явуулах, бичгэн мэдээллийг хараагүй иргэнд зориулан нэвтрүүлж байна.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.7.Энэ хуулийн 8.2.6-д заасан нэвтрүүлэг нь залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийн тусгайлан тогтоосон цагтай байна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн баримтыг хадгалах

Хэвлэх

10.1.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлсэн Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой нэвтрүүлгийн баримтыг олон нийтийн радио, телевизийн архивт хадгална.

10.2. Олон нийтийн радио, телевизийн архив Yндэсний төв архивын салбар бөгөөд уг архивт архивын баримтыг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3.Олон нийтийн радио, телевизийн энэ хуулийн 10.1-т зааснаас бусад нэвтрүүлгийг тухайн нэвтрүүлгийг дамжуулснаас хойш хоёр сараас доошгүй хугацаагаар хадгална.

11 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизэд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Хэвлэх

11.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн техникийн болон мэргэжлийн чанартай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал ажлын 15 хоногийн дотор хянан шийдвэрлэж, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгнө.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.2.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгатай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Өргөдлийг шалгах хороо хянан шийдвэрлэж, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгнө.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.3.Олон нийтийн радио, телевизэд иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын тухай хуулийг удирдлага болгон олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл батална.

12 дугаар зүйл.Нэвтрүүлэгт залруулга, тайлбар хийх

Хэвлэх

12.1.Олон нийтийн радио, телевизээр худал, ташаа мэдээлэл хийгдсэн нь нотлох баримт, материалаар тогтоогдвол олон нийтийн радио, телевиз залруулга хийх үүрэгтэй.

12.2.Гомдол гаргагч шаардсан бол залруулга, тайлбарыг тухайн нэвтрүүлгийн дараагийн дугаараар, эсхүл нэн даруй ижил төрлийн нэвтрүүлгээр уг худал, ташаа мэдээллийн үргэлжилсэн цагаас илүүгүй хугацаагаар, үнэ төлбөргүй нийтэд хүргэнэ. Сэтгүүлчийн тайлбар нь мэдээ, мэдээллээс тодорхой ялгагдахуйц байна.

12.3.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгын талаар нэвтрүүлгийг анх дамжуулснаас хойш нэг сарын дотор өргөдөл, гомдол гаргаж болох ба уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж дуустал тухайн нэвтрүүлгийн бичлэгийг хадгална.

13 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаа

Хэвлэх

13.1.Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

13.2.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаанд дараахь тусгай шаардлагыг тавина:

13.2.1.хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлэх;

13.2.2.улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх;

13.2.3.сургалтын нэвтрүүлгийн дундуур зөвхөн сургалттай холбоотой бөгөөд 10 минутад 10 секундээс дээшгүй үргэлжлэх зар сурталчилгааг нэвтрүүлэх;

13.2.4.зар сурталчилгааны эхлэл, төгсгөлийг дуу, авиа, дүрсээр ялгахуйц байдлаар нэвтрүүлэх;

13.2.5. 20 минутаас дээшгүй үргэлжлэх нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх.

13.3.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна.

13.4.Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаатай холбогдсон бусад харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.

/Дээрх 13 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа

Хэвлэх

14.1.Сонгуулийн үеэр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаатай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар тус тус зохицуулна.

15 дугаар зүйл.Нэвтрүүлгийг ивээн тэтгэх

Хэвлэх

15.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгад нөлөөлөхгүйгээр өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний талаар бусдад мэдээлэл хүргэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нэвтрүүлгийг ивээн тэтгэж болно.

15.2.Нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд нэвтрүүлэгчээс ивээн тэтгэсэн тухай мэдээллийг дурдах бөгөөд ивээн тэтгэсэн телевизийн нэвтрүүлгийн явцад ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно.

15.3.Ивээн тэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бараа, ажил, үйлчилгээг худалдан авахыг тухайн нэвтрүүлгийн үеэр уриалах, сурталчлахыг хориглоно.

15.4.Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийг ивээн тэтгэхийг болон хуулиар сурталчлахыг хориглосон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд аливаа нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨМЧ, ЭД ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ

16 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн өмч

Хэвлэх

16.1.Олон нийтийн радио, телевизийн өмч нь олон нийтийн өмч мөн. Олон нийтийн радио, телевизид үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах төрийн өмчийг олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлэх харилцааг бие даасан хуулиар зохицуулна.

16.2.Олон нийтийн радио, телевиз эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа энэ хуулийн 3.2-т заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлнэ.

17 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн санхүүжилт

Хэвлэх

17.1.Олон нийтийн радио, телевизийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

17.1.1.радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс;

17.1.2.зар сурталчилгаанаас олсон орлого;

/Энэ заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн аваагүй/

17.1.3.тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгөө түрээслүүлсний орлого;

17.1.4.Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнээс өгсөн хандив, тусламж;

17.1.5.улсын төсвийн дэмжлэг;

17.1.6.хууль тогтоомжид заасан бусад эх үүсвэр.

17.2.Олон нийтийн радио, телевиз дуу-дүрсний болон радиогийн хөтөлбөр, нэвтрүүлэг худалдан авах, дангаар болон бусадтай хамтран бүтээхэд холбогдолгүй үйлчилгээ авах, бараа, ажил худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтална.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

18 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, түүний хэмжээ

Хэвлэх

18.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна.

18.2.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

18.3.Олон нийтийн радио, телевиз нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг улсын хэмжээнд хурааж төвлөрүүлэх үүрэг бүхий нэгжийг байгуулж болох бөгөөд түүний үйл ажиллагаа, санхүүжилтийн журмыг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл тогтооно.

18.4.Олон нийтийн радио, телевиз нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс төлөөгүй этгээдээс холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

18.5.Энэ хуулийн 18.1-д заасан үйлчилгээний хөлснөөс бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий иргэнтэй өрх чөлөөлөгдөнө.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

19 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналт

Хэвлэх

19.1.Олон нийтийн радио, телевизийн санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн хөндлөнгийн шалгалт хийх зорилгоор гэрээний үндсэн дээр аудит хийлгэнэ.

19.2.Аудиторыг Yндэсний зөвлөл сонгож, түүнтэй гэрээ байгуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

20 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага

Хэвлэх

20.1.Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэнэ/ байна.

21 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

Хэвлэх

21.1.Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна.

21.2.Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

21.3.Үндэсний зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

21.3.1.төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;

21.3.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

21.3.3.бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;

21.3.4.бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

21.4.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно.

21.5.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага, албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ:

21.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хүн;

21.5.2.Монгол Улсын Их Хурал 7 хүн;

21.5.3.Монгол Улсын Засгийн газар 4 хүн.

21.6.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно.

21.7.Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

21.8.Энэ хуулийн 21.7-д заасны дагуу нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилно.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.9.Нэр дэвшсэн хүнийг Улсын Их Хурал Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилоогүй бол нэр дэвшүүлсэн байгууллага, албан тушаалтан өөр хүний нэр дэвшүүлнэ.

21.10.Үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд түүнийг Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

/Дээрх 21 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22 дугаар зүйл.Үндэсний зөвлөлийн анхны хуралдаан

Хэвлэх

22.1.Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

22.1.1. /Энэ заалтыг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

22.1.2.Үндэсний зөвлөлийн даргыг сонгох;

22.1.3.Хяналтын зөвлөл, Өргөдлийг шалгах хороог байгуулах.

22.2.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, түүний залгамж чанарыг хадгалах зорилгоор анхны гишүүдийн долоог нь 3 жилээр, наймыг нь 6 жилээр сонгож, цаашид энэ хуулийн 21.2-т заасан хугацааг баримтална.

/Энэ хэсэгт 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.3.Yндэсний зөвлөлийн анхны гишүүдийн энэ хуулийн 22.2-т заасан хугацааг сугалаагаар шийдвэрлэнэ.

23 дугаар зүйл.Үндэсний зөвлөлийн дарга

Хэвлэх

23.1.Үндэсний зөвлөлийн даргад сонгох хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

23.2.Үндэсний зөвлөлийн даргад гурав буюу түүнээс дээш хүний нэр дэвшиж анхны санал хураалтаар хэн нь ч Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналыг аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан гишүүнийг Үндэсний зөвлөлийн даргаар сонгогдсонд тооцно.

23.3.Үндэсний зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

23.4.Үндэсний зөвлөлийн дарга нас барсан, түүнийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эгүүлэн татсан бол гишүүдийн хамгийн ахмад нь шинэ даргыг сонгох хүртэл үүргийг нь гүйцэтгэнэ. Үндэсний зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, хэрэв санал болгоогүй бол гишүүдийн хамгийн ахмад нь орлоно.

23.5.Үндэсний зөвлөлийн дарга Yндэсний зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.

24 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

24.1.Yндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Олон нийтийн радио, телевизийн дүрэм болон тэнд ажиллагсдын ёс зүйн дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

24.1.2.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, Монгол Улсын төсөвт тусгуулах;

24.1.3.олон нийтийн радио, телевизийн техник, технологийн сүлжээг хөгжүүлэх, техникийн хангамжийн бодлогыг тодорхойлох;

24.1.4.олон нийтийн радио, телевизийн Хяналтын зөвлөл, Өргөдлийг шалгах хороог байгуулах, тэдгээрийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;

24.1.5.олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

24.1.6.олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох;

24.1.7.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах;

24.1.8.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах;

24.1.9.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;

24.1.10.олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах;

24.1.11.энэ хууль болон Олон нийтийн радио, телевизийн дүрэмд заасан бусад бүрэн эрх.

24.2.Үндэсний зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

25 дугаар зүйл.Үндэсний зөвлөлийн хуралдаан

Хэвлэх

25.1.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Үндэсний зөвлөлийн хуралдаан байна.

25.2.Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ.

25.3.Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Үндэсний зөвлөлийн даргын, эсхүл гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санаачилгаар хийнэ.

25.4.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлож байгаа гишүүн даргална.

25.5.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

25.6.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

25.7.Үндэсний зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлийг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж гарын үсэг зурна.

25.8.Үндэсний зөвлөл шийдвэрлэсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнд Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

25.9.Үндэсний зөвлөлийн хуралдааны явц, шийдвэрийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлнэ.

Тайлбар: Энэ хуульд заасан “гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно.

/Энэ тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

26 дугаар зүйл.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах

Хэвлэх

26.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараахь үндэслэлээр эгүүлэн татна:

26.1.1.эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг Yндэсний зөвлөлийн дарга, гишүүн гаргасан;

26.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

26.1.3.энэ хуулийн 21.3-т заасныг зөрчсөн нь сонгогдсоных нь дараа илэрсэн;

26.1.4.энэ хуулийн 21.3-т заасан ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;

26.1.5.Yндэсний зөвлөлийн хуралдаанд 6 сараас дээш хугацаагаар биечлэн оролцоогүй.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан эгүүлэн татах үндэслэл бий болсон бол Хяналтын зөвлөл зөвлөмж гарган, уг гишүүнийг сонгосон байгууллагад мэдэгдэнэ.

26.3.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай Хяналтын зөвлөлийн зөвлөмж гарсны дараа тухайн гишүүн Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцохгүй.

26.4.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах шийдвэрийг түүнийг сонгосон байгууллага гаргана.

27 дугаар зүйл.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүний ажиллах баталгаа

Хэвлэх

27.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 26.1-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татахгүй.

27.2.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнд Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн үндсэн ажлынх нь цалин, түүнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, олгох журмыг Yндэсний зөвлөл батална.

27.3.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн энэ хуульд заасан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд түүний ажиллаж байгаа үндсэн байгууллага дэмжлэг, тусламж үзүүлэх үүрэгтэй.

28 дугаар зүйл.Хяналтын зөвлөл

Хэвлэх

28.1.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогоос бусад асуудлаар гарсан Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт, олон нийтийн радио, телевизийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежментэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажиллана.

28.2.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Үндэсний зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгох бөгөөд Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.

28.3.Хяналтын зөвлөлийг ажиллах нөхцөлөөр хангах үүргийг олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал хүлээнэ.

29 дүгээр зүйл.Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг

Хэвлэх

29.1.Хяналтын зөвлөл дараахь эрх, үүрэгтэй:

29.1.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай зөвлөмж гаргах;

29.1.2.хөтөлбөрийн бодлогоос бусад асуудлаар олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд зөвлөх;

29.1.3.олон нийтийн радио, телевизийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежмент, төсвийн төсөл, санхүүгийн жилийн тайланд дүгнэлт хийж, Yндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

29.1.4.хөрөнгө оруулалт, төсөв, хүний нөөцийн бодлогод нөлөөлөхүйц санхүүгийн гэрээ, хэлэлцээрийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулах асуудлаар санал боловсруулж, Yндэсний зөвлөлд танилцуулах;

29.1.5.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгах, баримтын шалгалт хийх, дүнг Үндэсний зөвлөлд оруулж хэлэлцүүлэх.

30 дугаар зүйл.Өргөдлийг шалгах хороо

Хэвлэх

30.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгатай холбогдуулан Үндэсний зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, олон нийтийн санаа бодлыг судлах чиг үүрэг бүхий Өргөдлийг шалгах хороог Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулна.

30.2.Өргөдлийг шалгах хороо нь Үндэсний зөвлөлийн гишүүд болон хүний эрх, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдэнэ.

30.3.Өргөдлийг шалгах хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.

31 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал, түүний бүрэн эрх

Хэвлэх

31.1.Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал /цаашид "Ерөнхий захирал" гэнэ/-ыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно.

31.2.Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно.

31.3.Ерөнхий захирлаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно.

31.4.Ерөнхий захирал Үндэсний зөвлөлийн гишүүн байж болохгүй.

31.5.Ерөнхий захирал бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажиллаж болохгүй.

31.6.Ерөнхий захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.6.1.олон нийтийн радио, телевизийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

31.6.2.энэ хуулиар тодорхойлсон хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгийн хөтөлбөрийг тогтоох;

31.6.3.Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд олон нийтийн радио, телевизийн эд хөрөнгийг захиран зарцуулах;

31.6.4.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төсөл, гүйцэтгэл болон тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

31.6.5.олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг Yндэсний зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох;

31.6.6.олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;

31.6.7.Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ, хэлцэл хийх, олон нийтийн радио, телевизийг гадаад, дотоодод төлөөлөх;

31.6.8.тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах.

31.7.Хяналтын зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн Ерөнхий захирал олон нийтийн радио, телевизийн зарим ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ОРОН НУТГИЙН ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ

32 дугаар зүйл.Орон нутгийн олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа

Хэвлэх

32.1.Орон нутагт олон нийтийн радио, телевиз /цаашид "орон нутгийн радио, телевиз" гэнэ/ байж болно.

32.2.Орон нутгийн радио, телевиз энэ хуульд заасан зарчмын дагуу байгуулагдаж, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулна.

32.3.Орон нутгийн радио, телевизийн ажиллах бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт болон үйл ажиллагаа явуулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

32.4.Олон нийтийн радио, телевиз орон нутгийн радио, телевизэд үйл ажиллагааны талаар арга зүйн туслалцаа үзүүлнэ.

33 дугаар зүйл.Орон нутгийн радио, телевизийн хараат бус байдал

Хэвлэх

33.1.Орон нутгийн радио, телевиз тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар ажиллана.

33.2.Орон нутгийн радио, телевизэд тухайн орон нутгийн төсвөөс санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж болно.

33.3.Орон нутгийн радио, телевиз нэвтрүүлгийн онцлог, нэвтрүүлэх цагаас хамаарч үйлчилгээний хураамжийг өөрсдөө тогтоох ба энэ хуулийн 18.3-т заасан нэгжтэй хамтран ажиллаж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД

34 дүгээр зүйл.Мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах

Хэвлэх

 34.1.Олон нийтийн радио, телевизийн ажилтан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад мэдээллийг  олж  авах, нийтийн хүртээл болгох  эрхтэй.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүх үзэж ил болгосноос бусад тохиолдолд олон нийтийн радио, телевизийн ажилтан мэдээллийн эрх сурвалжийг нууцлах эрхтэй.

35 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэх

Хэвлэх

35.1.Энэ хуульд заасны дагуу Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгож, уг зөвлөлийн анхны хуралдаан хийснээс хойш 30 хоногийн дотор Үндэсний зөвлөлийн дарга Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу олон нийтийн радио, телевизийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.

36 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

36.1.Энэ хуулийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН