Хэвлэх DOC Татаж авах
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН, ШИНЭЧЛЭЛ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН БАНК, ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИД БНМАУ ГИШҮҮНЭЭР

БНМАУ-ЫН ХУУЛЬ
1991 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН, ШИНЭЧЛЭЛ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН БАНК, ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИД БНМАУ ГИШҮҮНЭЭР  ЭЛСЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

БНМАУ-ын Засгийн газар нь Олон улсын валютын Сан (цаашид "Сан" гэх), Шинэчлэл хөгжлийн олон улсын Банк (цаашид "Банк" гэх), Олон улсын санхүүгийн Корпорац (цаашид "Корпорац" гэх), Олон улсын хөгжлийн Ассоциац (цаашид "Ассоциац" гэх)-ийн хэлэлцээр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд (энэ хуулийн I,П,Ш,IҮ хавсралт) болон дээрх байгууллагуудад БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолын заалт, нөхцөл, Сангийн хэлэлцээрт оруулах гуравдахь нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, БНМАУ-ын нэрийн өмнөөс Сан, Банк, Корпорац, Ассоциацид гишүүнээр элсэх бүрэн эрхийг энэ хуулиар эдэлнэ.
Хэвлэх

2 дугаар зүйл. БНМАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-ын Сангийн сайд Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрсөн батламж өгч, гишүүнээр элсэхэд шаардагдах бусад баримт бичгийг үйлдэн хэлэлцээрүүдийн эх хувьд гарын үсэг зурж зохих газарт нь хадгалуулна.

3 дугаар зүйл.  БНМАУ Санд гишүүнээр элссэнээр Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох эрх эдлэх бөгөөд үүнтэй уялдаж БНМАУ-ын хүлээх үүргийг биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаа тодорхойлон Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох батламжийг БНМАУ-ын нэрийн өмнөөс Сангийн сайд гардуулж хадгалуулна.

4 дүгээр зүйл.  Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүдэд заасан журмын дагуу эдгээр байгууллагаас БНМАУ-ын нэрийн өмнөөс зээл авах, өөр зохимжтой хэлбэрээр хөрөнгө авч ашиглах, авсан зээл, хөрөнгөө буцаан төлөх, БНМАУ-ыг дээрх байгууллагуудад гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолд заасан хэмжээгээр эдгээр байгууллагад хувь хөрөнгө оруулах, Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газарт БНМАУ оролцохтой холбогдсон төлбөр хийх үүргийг БНМАУ-ын Сангийн яам хариуцан гүйцэтгэнэ. БНМАУ Сан, Банк, Ассоциацид гишүүнээр элссэнээс үүдэн үнэт цаас (бусдад дамжуулах эрхгүй, хүүгүй) гаргах зайлшгүй тохиолдолд уг үнэт цаасыг эдгээр байгууллагуудын зохих хэлэлцээрүүдийн дагуу гаргах эрхийг Сангийн яам эдэлнэ.

5 дугаар зүйл. БНМАУ-ын Сангийн яам БНМАУ-ын нэрийн өмнөөс Сан, Банк, Корпорац, Ассоциацтай санхүүгийн болон ажил хэргийн талаар харилцагч байгууллагын үүрэг гүйцэтгэнэ.

6 дугаар зүйл.  БНМАУ-ын Сангийн яам Сан, Банкны хэлэлцээрүүдээр зөвшөөрөгдсөн ажил, гүйлгээний дагуу БНМАУ-д олгох, гуйвуулах мөнгийг хүлээн авах эрх эдэлнэ.

7 дугаар зүйл.  БНМАУ-ын төв Банк нь Сан, Банк, Корпорац, Ассоциацийн эзэмшилд байгаа БНМАУ-ын валют, үнэт цаасыг хадгалах үүрэг хүлээнэ.

8 дугаар зүйл.  Сан, Банк, Корпорац, Ассоциацийн дээрх хэлэлцээрүүд нь БНМАУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

9 дүгээр зүйл. БНМАУ-ын Засгийн газар Сан, Банк, Корпорац, Ассоциацид Монголын талын захирагч, орлогч захирагчийг томилно.

10 дугаар зүйл. БНМАУ-ын Засгийн газар нь Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүд болон БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлж, энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу зохих заавар, журам гаргана.

11 дүгээр зүйл.  Энэ хуулийг БНМАУ-ын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс дагаж мөрдөнө.


            БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА                                                                              Р.ГОНЧИГДОРЖ



            БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                            Б.ЧИМИД