A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.Энэ хуулийн зорилт нь олон улсын хоёр болон олон талт гэрээ байгуулах, биелүүлэх, хяналт тавих, цуцлах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох, гарахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Олон улсын гэрээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуульд хэрэглэсэн нэр томъёо

Хэвлэх

1."Олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ.

2."Олон улсын гэрээг хүчингүй болгох" гэж тухайн олон улсын гэрээг байгуулагч нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх буюу зөрчсөн тохиолдолд түүнийг дангаараа цуцлахыг хэлнэ.

3."Олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох" гэж тухайн олон улсын гэрээг бүхэлд нь буюу түүний зарим заалтыг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар дагаж мөрдөхөөс түдгэлзэхийг хэлнэ.

4."Батламж жуух бичиг" гэж тухайн олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал соёрхон баталж хууль гаргасныг нотолсон баримт бичгийг хэлнэ.

5."Олон улсын байгууллага" гэж улс болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагыг хэлнэ.

/Энэ хэсгийг 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

6."Нэгдэн орох баримт бичиг" гэж нэгэнт хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээнд нэгдэн орохоор Монгол Улсын Их Хурлаас хууль гаргасныг нотолсон баримт бичгийг хэлнэ.

/Энэ хэсгийг 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Хуулийг хэрэглэх хүрээ

Хэвлэх

1.Улс хоорондын болон Засгийн газар хоорондын олон улсын гэрээний хувьд тэдгээрийн төрөл, нэр ямар байхаас хамаарахгүйгээр энэ хуулийг хэрэглэнэ.

2.Яам, тусгай газар, тэдгээрийн харьяа байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас бусад улсын ижил төрлийн байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээ энэ хуульд хамаарагдахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Олон улсын гэрээ байгуулах

5 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах

Хэвлэх

1.Монгол Улсын эрх бүхий байгууллагууд олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж, эх бичвэрийг тохирсоны үндсэн дээр түүнд гарын үсэг зурах, олон талт гэрээнд нэгдэн орох, тэдгээрийг соёрхон батлах, батлах замаар олон улсын гэрээ байгуулна.

6 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах зарчим

Хэвлэх

1.Олон улсын гэрээг Монгол Улсын Үндсэн хуульд заасан гадаад бодлогын зорилго, зарчмыг үндэс болгон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн байгуулна.

7 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах эрх бүхий байгууллагууд

Хэвлэх

1.Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

2.Монгол Улсын Их Хурал парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар хоёр болон олон талын гэрээ байгуулах эрхтэй.

3.Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

4.Монгол Улсын яам, тусгай газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

8 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурлаар дараа соёрхон батлуулахаар байгуулах олон улсын гэрээний төслийн талаар Засгийн газар зохих журмын дагуу Монгол Улсын Их Хуралтай зөвшилцөж, шийдвэр гаргана.

2.Монгол Улс болон Засгийн газрын өмнөөс байгуулах бөгөөд Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулахгүй олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, гарын үсэг зурах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана.

9 дүгээр зүйл. Бүрэн эрх олгох

Хэвлэх

1.Олон улсын аливаа гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал буюу Засгийн газар гаргана.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нар бүрэн эрхийн итгэмжлэлгүйгээр олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх буюу олон улсын гэрээнд гарын үсэг зурж болно.

3.Монгол Улсын Их Хурал буюу Засгийн газрын шийдвэрийг үндэслэн олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийн итгэмжлэлийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад албан тушаалтанд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Олон улсын гэрээг соёрхон батлах, батлах

10 дугаар зүйл. Заавал соёрхон батлах олон улсын гэрээ

Хэвлэх

1.Заавал соёрхон батлах гэрээнд дараахь олон улсын гэрээ багтана:

1/Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;

2/Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээ;

3/улсын батлагдсан төсвөөс гадуур нэмэлт хөрөнгө шаардах заалт бүхий олон улсын гэрээ;

4/гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай гэрээ болон Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн зээлийн тухай бусад гэрээ;

5/олон улсын гэрээ байгуулахдаа талууд соёрхон батлуулахаар тохиролцсон гэрээ.

11 дүгээр зүйл. Олон улсын гэрээг соёрхон батлуулах тухай санал

Хэвлэх

1.Олон улсын гэрээг соёрхон батлуулах саналыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дангаар, эсхүл тухайн гэрээгээр зохицуулж буй асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу тусгай газрын дарга гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Засгийн газарт өргөн мэдүүлнэ.

2.Засгийн газар олон улсын гэрээг соёрхон батлуулах саналыг хэлэлцээд зохих шийдвэр гарган Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12 дугаар зүйл. Олон улсын гэрээг соёрхон батлах тухай шийдвэр гаргах

Хэвлэх

1.Монгол Улсын Засгийн газраас соёрхон батлуулахаар өргөн мэдүүлсэн олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж соёрхон батлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.Монгол Улсын Их Хурал олон улсын гэрээг соёрхон батлавал хууль, соёрхон батлаагүй тохиолдолд тогтоол тус тус гаргана.

3.Олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Монгол Улсын хуулийг үндэслэн Батламж жуух бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурж, төрийн тамга дарна. Батламж жуух бичигт мөн гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурна.

13 дугаар зүйл. Батламж жуух бичгийг ёсчлон бэлтгэх, солилцох хадгалуулах

Хэвлэх

1.Олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг ёсчлон бэлтгэх, солилцох, түүнийг гэрээний эх хадгалагчид хадгалуулах ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох талтай тохиролцон гүйцэтгэнэ.

14 дүгээр зүйл. Олон улсын гэрээг батлах

Хэвлэх

1.Олон улсын гэрээг батлуулах саналыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дангаар, эсхүл тухайн гэрээгээр зохицуулж буй асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу тусгай газрын дарга гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Засгийн газарт өргөн мэдүүлнэ.

2.Засгийн газар олон улсын гэрээг батлуулах тухай саналыг хэлэлцэж батлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

3.Засгийн газар олон улсын гэрээг батлавал тогтоол, батлаагүй тохиолдолд протокол тус тус гаргана.

4.Олон улсын гэрээг баталсан тухай Засгийн газрын шийдвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох талт нотоор мэдэгдэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Олон талт гэрээнд нэгдэн орох

15 дугаар зүйл. Олон талт гэрээнд нэгдэн орох тухай шийдвэр

Хэвлэх

1.Соёрхон батлавал зохих олон талт гэрээнд Монгол Улс нэгдэн ороход Монгол Улсын Их Хурал хууль гаргана.

2.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаархи олон талт гэрээнд Монгол Улс нэгдэн ороход Засгийн газар тогтоол гаргана.

16 дугаар зүйл. Олон талт гэрээнд нэгдэн орох

Хэвлэх

1.Олон талт гэрээнд Монгол Улс нэгдэн орохтой холбогдсон асуудлыг энэ хуулийн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохицуулна.

17 дугаар зүйл. Олон талт гэрээнд тайлбар хийх, түүнийг эгүүлэн авах

Хэвлэх

1.Олон талт гэрээнд нэгдэн ороход тайлбар мэдэгдэл хийх шаардлагатай бол уг гэрээнд гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, нэгдэн орох буюу батлах тухай Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрт энэ тухай тусгай заалт оруулна.

/Энэ хэсэгт 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

2.Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тайлбар хийсэн тухай мэдэгдлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох улс буюу гэрээний эх хадгалагчид мэдэгдэнэ.

3.Олон талт гэрээнд нэгдэн орохдоо хийсэн тайлбарыг шаардлагатай бол эгүүлэн авч болно.

4.Олон талт гэрээнд нэгдэн орохдоо хийсэн тайлбарыг эгүүлэн авах тухай шийдвэрийг тухайн тайлбарыг хийх тухай шийдвэр гаргасан байгууллага гаргана.

18 дугаар зүйл. Олон улсын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах

Хэвлэх

1.Гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохирсоны үндсэн дээр олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

2.Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан нэгдэн орох шийдвэр гаргасан олон улсын гэрээний хувьд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр байгуулсан буюу баталсан гэрээний хувьд Засгийн газар тус тус гаргана.

/Энэ хэсэгт 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

3.Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон асуудлыг энэ хуулийн 11, 12, 14 дүгээр зүйлийн дагуу зохицуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

Олон улсын гэрээг биелүүлэх, хяналт тавих, цуцлах

19 дүгээр зүйл. Олон улсын гэрээг биелүүлэх

Хэвлэх

1.Монгол Улсын яам, тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангана.

20 дугаар зүйл. Олон улсын гэрээнд хяналт тавих

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурал нь соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээ болон шаардлагатай гэж үзсэн Монгол Улсын олон улсын аливаа гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж байна.

2.Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар байгуулсан олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг зохион байгуулж ажиллана.

3.Зохицуулж буй асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу агентлагийн дарга олон улсын гэрээний биелэлтийг гаргаж жил бүрийн 6, 12 дугаар сарын 2О-ны дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж байх бөгөөд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээний биелэлтийн явцыг нэгтгэн дүгнэж шаардлагатай тохиолдолд саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлнэ.

/Энэ зүйлийг 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл. Олон улсын гэрээг цуцлах

Хэвлэх

1.Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохирсоны үндсэн дээр цуцалж болно.

2.Монгол Улсын оролцож буй олон улсын олон талт гэрээнээс түүнд заасан журам эсхүл олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу гарч болно.

22 дугаар зүйл. Олон улсын гэрээг хүчингүй болгох, үйлчлэлийг түр зогсоох

Хэвлэх

1.Олон улсын гэрээг түүнд оролцогч бусад тал үл биелүүлэх буюу зөрчсөн тохиолдолд гэрээг хүчингүй болгох, үйлчлэлийг түр зогсоох саналыг тухайн гэрээгээр зохицуулж буй асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу тусгай газрын дарга гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Засгийн газарт өргөн мэдүүлнэ.

2.Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан олон улсын гэрээг хүчингүй болгох, үйлчлэлийг түр зогсоох тухай саналаа Засгийн газар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

3.Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан олон улсын гэрээг хүчингүй болгох эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох тухай шийдвэр гаргасан тохиолдолд Монгол Улсын Их Хурал хууль, Засгийн газрын шийдвэрээр байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг хүчингүй болгох эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох тухай шийдвэр гаргасан тохиолдолд Засгийн газар тогтоол тус тус гаргана.

23 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох

Хэвлэх

1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:

1/соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;

2/Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал.

231 дүгээр зүйл.Олон улсын гэрээний заалтыг хэрэглэх

Хэвлэх

1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх олон улсын гэрээний хэм хэмжээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу саналаа Улсын дээд шүүхэд гаргана.

/Энэ зүйлийг 2012 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Олон улсын гэрээг бүртгүүлэх, хэвлэн нийтлэх, хадгалах

24 дүгээр зүйл. Олон улсын гэрээг бүртгүүлэх

Хэвлэх

1.Олон улсын гэрээг шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

25 дугаар зүйл. Олон улсын гэрээг хэвлэн нийтлэх

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэхдээ Монгол Улсын хууль нийтлэх журам, олон улсын бусад гэрээг нийтлэхдээ Засгийн газрын тогтоол нийтлэх журмыг тус тус баримтална.

2.Олон улсын гэрээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрхлэн тусгай эмхтгэл болгон хэвлэж байна.

26 дугаар зүйл. Олон улсын гэрээг хадгалах

Хэвлэх

1.Олон улсын гэрээний жинхэнэ эхийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хадгална.

2.Олон улсын гэрээг хариуцан байгуулсан яам, тусгай газар гэрээ байгуулсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн гэрээний баталгаатай хуулбарыг холбогдох газарт нь хүргүүлж, жинхэнэ эх бичвэрийг дараахь материалын хамт гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ:

1/гэрээний монголын талын болон нөгөө талын анхны төсөл, тохиролцсон төсөл;

2/гэрээ байгуулах асуудлаар хийсэн хэлэлцээ, ярианы тэмдэглэлүүд;

3/гэрээ байгуулахтай холбогдсон завсрын шийдвэрүүд;

4/бүрэн эрхийн итгэмжлэлүүд;

5/гэрээнд гарын үсэг зурсан, соёрхон баталсан, баталсан, нэгдэн орсон тухай баримт бичиг, тэмдэглэл, протокол;

6/гэрээнд гарын үсэг зурах үеэр гэрэл зураг авсан бол түүний хувь;

7/гэрээний эх бичвэрийн хуулбар;

8/тухайн гэрээнд холбогдолтой бусад баримт бичиг.

3.Монгол Улс олон талт гэрээний эх хадгалагч болсон тохиолдолд уг үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон талт гэрээний заалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад заалт

27 дугаар зүйл. Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль, хууль тогтоомжийн бусад актад нэмэлт, өөрчлөлт оруулах

Хэвлэх

1.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн бусад актад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаар, эсхүл холбогдох яам, тусгай газартай хамтран Засгийн газарт өргөн мэдүүлнэ.

2.Монгол Улсын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол Засгийн газар энэ тухай санал,шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

28 дугаар зүйл. Олон улсын гэрээний хэл

Хэвлэх

1.Олон улсын гэрээг монгол хэлээр болон гэрээнд оролцогч тухайн талын сонгон авсан хэлээр тус тус үйлдэнэ.

2.Гэрээ байгуулж буй хоёр тал гэрээг ойлгох, тайлбарлахад зөвхөн хоёр талын хэлийг хэрэглэхэд учир дутагдалтай гэж үзвэл гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны аль нэг хэлээр нэмэн үйлдэж болно.

3.Гэрээнд оролцогч нөгөө талтай тохирсоны үндсэн дээр олон улсын гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны аль нэг хэлээр үйлдэж болно.

29 дүгээр зүйл. Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилт

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурлаас олон улсын гэрээг соёрхон батлах, нэгдэж орох Засгийн газраас олон улсын гэрээг батлах шийдвэр гаргахдаа тухайн олон улсын гэрээг орчуулах, хэвлэхтэй холбогдсон зардлыг тухайн байгууллага хариуцан төсөвтөө тусгаж санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж байна.

/Энэ зүйлийг 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ