A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙГ БАРИХ КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 121-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙГ БАРИХ КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 121-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 161

Концессын тухай хуулийн 19.1, 29.2, 29.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 9.1.1, 9.1.2, 23.3, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын ""Сайншандаас Тавантолгой чиглэлд 225 км" төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ"-г "Дорнын төмөр зам" болон "Монголиантранс Лайн" ХХК-тай, ""Ухаахудаг-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ"-г "Энержи Ресурс" болон "Энержи Ресурс Рэйл" ХХК-тай энэ тогтоолын З дугаар зүйлд заасан нөхцөлийг тусган, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд зөвшөөрсүгэй.

2. Оросын талтай хэлэлцээ хийж "Дэд бүтцийн хөгжил" ХХК-ийн Монголын талд ногдох хувийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр, уг компанитай ""Ухаахудаг-Тавантолгойгоос Сайншанд чиглэлд 225 км" төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ"-г энэ тогтоолын З дугаар зүйлд заасан нөхцөлийг тусган холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

3. Энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан гэрээнд төрийн мэдлийн 51 хувийг төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах хугацаанд төлбөртэй, концессын гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжийг хангах, концесс эзэмшигч тус бүрийн хувьцааны тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр Монгол Улсын иргэдэд нээлттэй арилжаалах, ОХУ-ын далайн боомт хүртэл экспортлох дамжин өнгөрөх ачааны тээврийн тариф, шилжүүлэн ачих нөхцөл өрсөлдөхүйц байлгахад дэмжлэг үзүүлэх үүргийг "Дэд бүтцийн хөгжил" ХХК-д хариуцуулах асуудлыг тус тус тусгахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд үүрэг болгосугай.

4. "Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьцаат компанид" гэснийг ""Эрдэнэс-Тавантолгой" ХК-д" гэж өөрчилсүгэй.

5. "Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих концесст төрийн оролцоо, хяналтыг хангах зорилгоор "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийг оролцуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

6. Гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийн барилга байгууламж угсрах болон барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдсон зөвшөөрлийг концесс эзэмшигчид зохих журмын дагуу олгох арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгасугай.

7. "Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм батлах тухай" Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаар тогтоолын дагуу төмөр замын суурь бүтцийг барих зурвас газрын хэмжээг тогтоолгох талаар холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид, тогтоосон зурвас газрыг концесс эзэмшигчид концессын гэрээнд заасан хугацаанд ашиглуулахыг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт тус тус үүрэг болгосугай.

8. "Сайншандаас Тавантолгой чиглэлд 225 км" төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Монголиантранс Лайн" ХХК-д, "Ухаахудаг-Тавантолгойгоос Сайншанд чиглэлд 225 км" төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Дэд бүтцийн хөгжил" ХХК-д, "Ухаахудаг-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Энержи Ресурс Рэйл" ХХК-д тус тус олгосугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, "Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн ""Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 3.2.2-т заасан эхний үе шатанд барих болон Тавантолгой-Ухаахудаг…" гэснийг "Даланзадгад-Тавантолгой", "Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан" гэж, Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 94 дүгээрт "Уралдаант шалгаруулалт явуулах" гэснийг "Шууд гэрээ байгуулах" гэж тус тус өөрчилсүгэй.