Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН АЮУЛААС ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН АЮУЛААС ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ


1992 оны 7 дугаар сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 108



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Улс, аймгийн аюулаас хамгаалах тэжээлийн нөөцөд энэ онд бэлтгэх өвс, тэжээлийн доод хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.


2.Улсын аюулаас хамгаалах тэжээлийн нөөцөд өвс, тэжээл бэлтгэгч, хүлээн авагч байгууллага нэг бүрийн бэлтгэн нийлүүлэх, хүлээн авах өвс, тэжээлийн хэмжээг тогтоон өгөхийг Хөдөө аж ахуйн яаманд, уг өвс, тэжээлийг аюулаас хамгаалах тэжээлийн төв цэгүүдэд тээвэрлэн хүргэх болон уг цэгүүдэд хүлээн авч хадгалах, хэрэглэгчдэд зохих хуваарийн дагуу хүргэхтэй холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн яаманд тус тус даалгасугай.


3.Аюулаас хамгаалах тэжээлийн улсын нөөцөд зориулан бариулж аймгуудад шилжүүлсэн агуулах, хашаа саравчийн бүрэн бүтэн байдлыг хангаж ашиглалтыг сайжруулах үндсэн дээр аймагтаа бэлтгэсэн өвс, тэжээлийг найдвартай хадгалж хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.


4.Улсын аюулаас хамгаалах тэжээлийн нөөцөд өвс бэлтгэх үүрэгтэй боловч хадлангийн талбай хүрэлцээгүй сум, аж ахуйн нэгжүүдэд хадлангийн талбай заан өгч эзэмшүүлэх ажлыг 1992 оны 7 дугаар сард багтаан холбогдох аймгуудтай хамтран зохион байгуулахыг Байгаль орчны хяналтын улсын хороонд даалгасугай.


5.Улс, аймгийн аюулаас хамгаалах тэжээлийн нөөцийг зөвхөн ган, зуд зэрэг байгалийн гамшиг тохиолдсон аймаг, сумдад Засгийн газрын шийдвэрээр олгож байхаар тогтоосугай.


6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1991 оны 145 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...жил бүр 200 мянган тонн өвс, 80 мянган тонн хүчит болон эрдэс тэжээлийн нөөцтэй байхаар тооцож өвс, тэжээлийг эдгээр цэгүүдэд хүргэх тээврийн зардалд 150-180 сая төгрөгийн санг  Хөдөө аж ахуйн яаманд төвлөрүүлэн байгуулахаар тогтоосугай" гэсэн хэсэг, мөн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД


Хөдөө аж ахуйн сайд Д.РАДНААРАГЧАА