Хэвлэх DOC Татаж авах
САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь садар самууныг сурталчлах, биеэ үнэлж явалдахтай тэмцэх болон эротик сурталчилгаа, үйлчилгээг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж

2.1.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж нь Эрүүгийн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“садар самууныг сурталчлах” гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг;

3.1.2.“садар самуун явдал” гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;

/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.3.“эротик” гэж гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Садар самуун явдлыг хориглох

4 дүгээр зүйл.Биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэхийг хориглох

4.1.Биеэ үнэлэхийг хориглоно.

4.2.Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно.

/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

5 дугаар зүйл.Садар самууныг сурталчлахыг хориглох

5.1.Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно.

5.2.Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно.

5.3.Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх талаар аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

6.1.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, гэгээрлийн байгууллагууд садар самуун явдлын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах, бэлэгсийн халдварт болон дархлалын олдмол хомсдол өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа явуулах үүрэгтэй.

6.2.Шөнийн цэнгээний газар, зочид буудалд бэлгэвч худалдаалах тоног төхөөрөмжийг заавал байрлуулсан байна.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эротикийн сурталчилгаа, үйлчилгээнд тавих шаардлага

7 дугаар зүйл.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам

7.1.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон тусгай цэгт худалдана.

7.2.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдахад дараахь зүйлийг хориглоно:

7.2.1.албан байгууллага, гудамж, талбай, хүүхдийн байгууллага, цэцэрлэг, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр үйлчилгээний газар худалдах;

7.2.2.гар дээрээс худалдах;

7.2.3. 18 насанд хүрээгүй хүнээр худалдуулах, 18 насанд хүрээгүй хүнд худалдах.

Хэвлэх

8 дугаар зүйл.Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйл

8.1.Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг, тайчих урлаг, үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн, бусад үзвэрийг үзүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:

8.1.1.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас тусгайлан зөвшөөрснөөс бусад газарт энэ төрлийн кино, дүрс бичлэгийг үзүүлэх;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.2.телевизийн нийтийн сувгаар дамжуулах;

8.1.3. 18 насанд хүрээгүй хүнд үзүүлэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Эротикийн сурталчилгаанд тавих хяналт

9.1.Эротик чиглэлийн хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгт тавих хяналтыг эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёлын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэдэх зөвлөл /цаашид “Зөвлөл” гэнэ/ хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

9.3.Эротик хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгийг зөвхөн Зөвлөлөөр хянуулсны дараа хэвлэн нийтлэх, нийтэд үзүүлэхийг зөвшөөрнө.

Хэвлэх

10 дугаар зүйл.Эротик тоглолт явуулах

10.1.Эротик тоглолтыг зөвхөн шөнийн цэнгээний газарт явуулж болно.

10.2. 18 насанд хүрээгүй хүнийг шөнийн цэнгээний газарт оруулах болон эротик тоглолтод оролцуулахыг хориглоно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Татварын хувь, хэмжээ

11.1.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 -т заасан хувь, хэмжээгээр татвар ногдуулна.

/Энэ зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

12 дугаар зүйл.Тоо бүртгэл

12.1.Биеэ үнэлсэн, эсхүл бусдын биеийг үнэлүүлсэн зөрчилд шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх тоо бүртгэлийг цагдаагийн байгууллага эрхлэн хөтөлнө.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хуулийн заалтыг дагаж мөрдөх журмын тухай

14.1.Энэ хуулийн 6.2-т заасныг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ