A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН НЭГДСЭН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТЫН МӨРӨӨР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 201

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Химийн хорт болон аюултай бодисыг нэтрүүлэхээр зөвшөөрөгдсөн хилийн боомтыг шаардагдах лабораторийн болон хяналтын тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах, хилийн мэргэжлийн хяналтын болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт үүрэг болгосугай.

2. Үйлдвэрлэлийн нөөц нь экологи, эдийн засгийн үнэлгээгээр үр ашиггүй болох нь тогтоогдсон алтны орд газарт болон нөхөн сэргээлт хийсэн талбайд шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, олгосон зөвшөөрлийг сунгахгүйгээр нөхөн сэргээлт хийлгэн хүлээн авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид үүрэг болгосугай.

3. Химийн хорт болон аюултай бодисыг хилийн боомтгүй газраар болон зөвшөөрөлгүй боомтоор нэвтрүүлж байгаа эсэхэд хяналт тавих, мөнгөн ус, цианидын хууль бус импорт, худалдааны сүлжээг илрүүлж, таслан зогсоох, улсын үзлэгээр байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцон, гарсан хохирлыг нөхөн төлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нарт үүрэг болгосугай.

4. Захиргааны журмаар хураагдсан 145 тээрмийг "Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолын дагуу улсын орлого болгох буюу устгах ажлыг 2007 оны 9 дүгээр сард багтаан зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нарт үүрэг болгосугай.

5. Химийн хорт бодисоор бохирдсон хөрс, ус, агаарт хийгдэх хяналт-шинжилгээг тогтмолжуулж, холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд даалгасугай.

6. Мөнгөн ус, цианидаар хордсон хүмүүсийн судалгааг гаргаж, тэдгээрийг эмчлэх, эрүүлжүүлэх, шаардагдах эм, бэлдмэлийн нөөцийг бий болгох, мөнгөн усны хор нөлөөллийн талаар ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад үүрэг болгосугай.

7. Химийн хорт болон аюултай бодисыг шинжлэх лабораториудыг төрөлжүүлж, тэдгээрийн чадавхийг сайжруулах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны сайд, Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дарга И.Эрдэнэбаатарт даалгасугай.

8. Хөрс, ус, ундны ус, агаарын чанарын улсын стандартуудыг шинэчлэх, боловсруулж батлуулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, холбогдох стандартыг баталж мөрдүүлэхийг Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга Г.Гантөмөр нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд У.ХҮРЭЛСҮХ